ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа өчигдөр улсын хэмжээнд хийгдсэн коронавирус илрүүлэх шинжилгээний хариуг танилцуулав.
“Арванхоёрдугаар сарын 24-нд улсын хэмжээнд 8,863 хүнд шинжилгээ хийхэд зургаан хүнд коронавирус илэрлээ. Зургаан шинэ тохиолдол нь Улаанбаатар хотод бүртгэгдсэн бөгөөд БЗД-ийн нэгдсэн эмнэлэгт гарч байгаа голомттой хамааралтай хоёр өвчтөн, нэг сахиур, гэр бүлийн хавьтал хүмүүс байна.
Улсын хэмжээнд халдварын батлагдсан тохиолдлын тоо 1,075 болсон бөгөөд 584 нь эдгэрсэн. Өнөөдрийн байдлаар 482 хүн эмчилгээнд байгаа. Өвчтөнүүдийн биеийн байдлыг үнэлбэл, маш хүнд 3, хүнд 6, хүндэвтэр 57, хөнгөн 416 байна.
БЗД-ийн нэгдсэн эмнэлгээс эхтэй томоохон халдварын голомтод арванхоёрдугаар сарын 16-наас хойш нийт 142 тохиолдол бүртгэгдээд байна. Задалж танилцуулбал, өвчтөн 75, сахиур 24, эмнэлгийн ажилтан 17, гэр бүлийн гишүүн 26 байгаа. Энэ голомт нэлээн том өргөн хүрээтэй голомт бөгөөд сүүлийн 24 цагт гэхэд 45 хавьтлыг олж тогтоон тусгаарлалаа" гэв.
Өнгөрсөн 24 цагийн хугацаанд Сэлэнгэ, Дархан-Уул, Архангай, Говьсүмбэр, Дорноговь, Орхон аймагт коронавируст халдварын тохиолдол шинээр бүртгэгдээгүй. Мөн Улаанбаатар хотод өмнө нь бүртгэгдэж байсан буюу ачаа тээврийн жолоочоос эхтэй халдварын голомтод батлагдсан тохиолдол нэмэгдээгүй.