“Хүүхдийн хорт хавдрын эсрэг Глобаль санаачлага”-д нэгдэж байгаагаа илэрхийлэн бодлогын түвшинд хүүхдийн хорт хавдрын асуудлыг тусгах, эмчилгээ оношилгооны шинэ аргуудыг өргөн нэвтрүүлэх, тусламж үйлчилгээний хүртээмжийг сайжруулах зорилгоор ЭХЭМҮТ, ДЭМБ-ын Монгол дахь суурин төлөөлөгчийн газартай хамтран “ХАВДАРГҮЙ ҮРС” үндэсний анхдугаар зөвлөгөөнийг цахимаар зохион байгуулж байна.
Тус зөвлөгөөн нь Эрүүл мэндийн сайдын ивээл дор анх удаа зохион байгуулагдаж байгаа онцлогтойгоор өнөөдөр нээлтээ хийлээ.
Зөвлөгөөнд Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан, ДЭМБ-ын Монгол дахь Суурин төлөөлөгч Др. Сергей Диордица, УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэн, Хүүхдийн хавдрын асуудлаарх ДЭМБ-ын Хамтын Ажиллагааны төвийн захирал–АНУ-ын Сэйнт Жүүд Хүүхдийн эрдэм шинжилгээ, судалгааны эмнэлгийн Эрүүл мэндийн тогтолцоо эрхэлсэн захирал Др. Кэтрин Лэм, ЭХЭМҮТ-ийн ерөнхий захирал Ш.Энхтөр болон тус төвийн эмч, мэргэжилтнүүд оролцож байна.
Зөвлөгөөнийг нээж Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан хэлсэн үгэндээ:
“Монгол улсын ирээдүй болсон хүүхдийн эрүүл мэндийг хамгаалах үйлсэд зүтгэж байгаа эмч мэргэжилтнүүд, эрдэмтэн судлаачид, хамтран ажилладаг олон улсын болон төрийн бус байгууллагын мэргэжилтнүүд та бүхэнд энэ өдрийн халуун мэндийг дэвшүүлье.
КОВИД-19 цар тахал дэгдсэн онцгой нөхцөл байдалд “ХАВДАРГҮЙ ҮРС” үндэсний анхдугаар зөвлөгөөнийг бид цахимаар зохион байгуулж байна.
Монгол улсад жилд 70-90 орчим хүүхдийн хорт хавдрын тохиолдол шинээр оношлогдож байна. Монгол Улсын Засгийн газраас хүүхдийн хавдрын оношилгоо, эмчилгээг сайжруулах, шинэ техник технологи нэвтрүүлэх, эм, эмнэлгийн хэрэгслээр бүрэн хангах, эмч мэргэжилтнүүдийг бэлтгэх чиглэлээр үндэсний хэмжээнд дэмжин ажилладаг. Гэсэн хэдий ч хүүхдийн хорт хавдрын тусламж үйлчилгээг сайжруулахад түншлэгч бүх талуудын оролцоо, төр, төрийн бус байгууллага, олон салбарын хамтын ажиллагааг нэмэгдүүлэх нь чухал байна.
ДЭМБ 2030 онд хорт хавдартай хүүхдүүдийн зовлон шаналлыг бууруулж, амьдрах чадварыг наад зах нь 60 хувьд хүргэж нэмэгдүүлэх зорилго бүхий “Хүүхдийн хорт хавдрын эсрэг Глобаль санаачлага”-ыг эхлүүлсэн. Энэхүү санаачлагыг Монгол Улсын Засгийн газар Эрүүл мэндийн яам дэмжиж нэгдэн орсон. Бид системтэйгээр, үндэсний хэмжээнд төлөвлөгөөтэй ажиллаж, хүүхдийн хорт хавдрын тусламж үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулж, хорт хавдартай хүүхдүүдийн амьдрах чадварыг нэмэгдүүлэхийг зорьж байна. Хүүхдийн хорт хавдрын чиглэлээр 2023 он дуустал хэрэгжүүлэх бидний үйл ажиллагааны төлөвлөгөөний төслийг дэмжиж санхүүжилтийн болон мэргэжил аргазүйн дэмжлэг үзүүлэхээр хамтран ажиллаж байгаа ДЭМБ, Хүүхдийн хавдрын асуудлаарх ДЭМБ-ын Хамтын Ажиллагааны төв – АНУ-ын Сэйнт Жүүд Хүүхдийн эрдэм шинжилгээ, судалгааны эмнэлгийн хамт олонд гүн талархал илэрхийлье.
Өнөөдөр та бид үндэсний анхдугаар зөвлөгөөнөөрөө хүүхдийн хорт хавдрын асуудлыг үндэсний түвшинд авч хэлэлцэж, олон улсад баримталж байгаа бодлого, чиглэлийн талаар сонсож, сэдэвчилсэн хуралдаануудаас гарсан санал, дүгнэлтүүдээ нэгтгэж, ирэх жилүүдэд үндэсний хэмжээнд та бид хамтран хэрэгжүүлэх үйл ажиллагааны чиглэл, төлөвлөгөөнийхөө талаар нэгдмэл ойлголтод хүрнэ гэж итгэж байна.” гэдгийг онцлов. Үргэлжлүүлэн ЭХЭМҮТ-ийн ерөнхий захирал Ш.Энхтөр "Эрүүл мэндийн сайдын ивээл дор зохион байгуулагдаж байгаа “ХАВДАРГҮЙ ҮРС” үндэсний зөвлөгөөний хүрээнд хүүхдийн хорт хавдрын тулгамдсан асуудал, өнөөгийн байдал, ахиц дэвшлийг тодорхойлох, хүүхдийн хорт хавдрын цогц тусламж, үйлчилгээний 9 чиглэлээр 2020 оны 12 сарын 16-18-ны өдрүүдэд 21 аймаг, нийслэлийн 9 дүүрэг, төрөлжсөн мэргэжлийн эмнэлгүүд, ТББ-ууд идэвх санаачлагчтай оролцож хэлэлцүүлэг хийсэн. Салбар хуралдаанд цахимаар 900 холболтоор 2000 гаруй сонирхогч талууд, оролцогч нар төрийн ба төрийн бус байгууллага, хот хөдөөгийн мэргэжлийн байгууллага, эмч мэргэжилтнүүд, эцэг эхийн төлөөлөл оролцлоо. Коронавируст халдварын цар тахал дэгдсэн онцгой нөхцөл байдлын улмаас өнөөдөр нэгдсэн зөвлөгөөнийг мөн цахим хэлбэрээр зохион байгуулж байна.
Манай төвийн хүүхдийн эмнэлгийн Цусны эмгэг судлалын тасагт өнөөгийн байдлаар Европын холбооны улсуудад мөрдөгддөг зааврын дагуу 14 төрлийн хүүхдийн хорт хавдрыг протокол эмчилгээгээр эмчилж байна. Хэдийгээр хорт хавдрын туяа эмчилгээнээс бусдыг хийх чадавх нөхцөл бүрдсэн ч цаашид шийдвэрлэх олон асуудлуудад хамтран шийдвэр гаргахад энэхүү зөвлөгөөн чухал ач холбогдол байна. Энэ үйл ажиллагааг дэмжин оролцсон ЭМЯ, ДЭМБ, төрийн болон төрийн бус байгууллагуудад талархал илэрхийлье. " гэлээ.
Зөвлөгөөнөөр хүүхдийн хорт хавдрын тулгамдсан асуудал, өнөөгийн байдал, ахиц дэвшлийг тодорхойлох, хүүхдийн хорт хавдрын цогц тусламж, үйлчилгээний 9 чиглэлээр урьдчилсан цахим хэлэлцүүлэг явуулж, хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөө, зөвлөмж боловсруулах юм