Нийслэлийн Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын газрын Цэргийн штабын дарга, хурандаа Ж.Даваарагчаа тэргүүтэй удирдлагууд тус дүүргээс 2020 оны хоёрдугаар ээлжээр хугацаат цэргийн албанд татагдсан дайчдын ар гэрийнхний нийгмийн асуудлыг шийдвэрлэх хүрээнд тодорхой зорилтот бүлгийн иргэдэд нүүрс болон хүнсний бүтээгдэхүүн олголоо. Энэ нь хугацаат цэргийн алба хаагчдаа сэтгэл хоёрдолгүйгээр албан үүргээ гүйцэтгэн цэргийн эрдэмд шамдах хүсэл эрмэлзлэлийг нь дэмжиж байгаагийн тод жишээ хэмээн тодотгож болно.
Хурандаа Ж.Даваарагчаа “Батлан хамгаалах яам, Зэвсэгт хүчний Жанжин штабаас хугацаат цэргийн алба хаагчдын гэр бүлд халамж, үйлчилгээ үзүүлэх тодорхой бодлого барьдаг. Энэ хүрээнд Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын газраас хугацаат цэргийн албаа амжилттай хааж байгаа алба хаагчдын гэр бүл буюу зарим зорилтот бүлгүүдэд нүүрс, хүнсний хангамжийг хүргэх ажлыг зохион байгууллаа. Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын газраас жил бүр хугацаат цэргийн алба хааж буй дайчдынхаа ар гэрийг дэмжих зорилгоор эмчилгээний төлбөр шаардлагатай ар гэрийнхэнд нь мөнгөн тусламжийг үзүүлж ирсэн. Ер нь хугацаат цэргийн алба хаагчдынхаа гэр бүлд төрөл бүрийн дэмжлэг үзүүлэх ажлыг тогтмол зохион байгуулдаг” гэв.
Энэ үеэр зарим хугацаат цэргийн алба хаагчдын ар гэрийн төлөөллийн сэтгэгдлийг сонслоо.
11 дүгээр хорооны иргэн Э.Баясгалан: Хүү маань Зэвсэгт хүчний 336 дугаар ангид алба хаадаг. Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын газар болон Цэргийн штабын ажилтан алба хаагчдад талархаж байгаагаа илэрхийлье. Цар тахлын хүнд үед ийнхүү нэн шаардлагатай хүнсний бүтээгдэхүүнийг өрхүүдэд тарааж байгаа нь нүдээ олсон арга хэмжээ болжээ гэж бодож байна.
11 дүгээр хорооны иргэн Д.Оюунчимэг: Хугацаат цэргийн албанд татагдсан залуусынхаа ар гэрийг дэмжиж байгаа Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын газрын Цэргийн штабын хамт олонд баярлалаа. Та бүхний ажилд өндөр амжилт хүсье. Хүү Ш.Ариунбаяртаа цэргийн эрдэмд шамдан суралцаж албаа сайн хаагаарай. Цэргийн алба хаана гэдэг ирээдүйдээ оруулж буй том хөрөнгө оруулалт шүү гэж дамжуулъя.
12 дугаар хорооны иргэн О.Балдандорж: Эхнэр бид хоёр отгон хүүгээ цэрэгт мордуулаад багагүй хугацаа өнгөрч байна. Хүү маань Дотоодын цэрэгт алба хааж байгаа. Ханьтайгаа хоёулахнаа үлдсэн хэдий ч нэг жилийн алба нүд ирмэхийн зуур хурдан өнгөрөх байх. Ихийг сурч мэдээд, цаашид өрх гэрээ тэргүүлэх "том" хүн болохоор цэргийн албанд мордсон доо хүү минь. Албаа нэр төртэй хаагаад ирээрэй гэж хүсье. Миний хувьд Ардын Армийн бэлтгэл офицер. ЕБС-иудад цэрэгжлийн багшаар ажиллаж байсан. Тэр ч утгаараа Батлан хамгаалах бодлого, Зэвсэгт хүчний үйл ажиллагааг байнга дэмждэг. Өнөөдрийн арга хэмжээг зохион байгуулсан Батлан хамгаалах яам, Зэвсэгт хүчний Жанжин штаб, Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын газар, түүний харьяа Цэргийн штабын бие бүрэлдэхүүнд талархаж байна.