Хүний эрхийн Үндэсний Комисс 2020 оны 12 дугаар сарын 22-ны өдөр Улсын Онцгой Комисст Шаардлага хүргүүллээ.
Шаардлагад:
Монгол Улсын Шадар сайд бөгөөд Улсын Онцгой Комиссын дарга Я.Содбаатар танаа
Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 18 дахь заалтад “Монгол Улсын иргэн… гадаадад явах, оршин суух, эх орондоо буцаж ирэх эрхтэй. Гадаадад явах, оршин суух эрхийг үндэсний болон хүн амын аюулгүй байдлыг хангах, нийгмийн хэв журмыг хамгаалахын тулд зөвхөн хуулиар хязгаарлаж болно.”, мөн зүйлийн 6 дахь заалтад “эрүүл мэндээ хамгаалуулах, эмнэлгийн тусламж авах эрхтэй”, гэж тус тус заасан. Хүний эрхийн Түгээмэл Тунхаглалын 13 дугаар зүйлийн 2-т “Хэн боловч аливаа улс орныг, түүний дотроо эх орноо орхин явах, эх орондоо эргэж очих эрхтэй.”, Иргэний болон Улс төрийн эрхийн тухай олон улсын пактын 12 дугаар зүйлийн 4-т “Хэний ч эх орондоо ирэх эрхийг дур мэдэн хасч болохгүй.” гэж заажээ.
Монгол Улсын Засгийн газрын шийдвэрээр 2020 оны 11 дүгээр сарын 11-ний өдрөөс бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлэх тухай 178 дугаар тогтоолыг баталсантай холбоотойгоор 2020 оны 11 дүгээр сард төлөвлөсөн 10 удаагийн тусгай үүргийн нислэгээс Сөүл-Улаанбаатар чиглэлийн 5, Франкфурт-Улаанбаатар чиглэлийн 1, Токио-Улаанбаатар чиглэлийн 1 нийт 7 удаагийн нислэгийг цуцалж, 12 дугаар сарын 16-ны өдөр Франкфурт-Улаанбаатар, 12 дугаар сарын 20-ны өдөр Токио-Улаанбаатар чиглэлийн нислэгийг зохион байгуулж, мөн энэ сарын 25-ны өдөр төлөвлөсөн Сөүл-Улаанбаатар чиглэлийн нислэгийг дахин цуцалжээ. Дээрх нөхцөл байдлаас шалтгаалан эх орондоо эргэн ирэхээр төлөвлөж байсан иргэд гадаад улсад орон байргүй, хоол хүнсний хомсдол, санхүүгийн хүнд нөхцөлд орсон талаар Комисст удаа дараа гомдол ирүүлж байна.
БНСУ-д байгаа хүмүүсийн нөхцөл байдал анхаарал татаж байна. Тус улсад Монгол Улсын иргэд олноор хөдөлмөр эрхэлдгээс гадна эрүүл мэндийн тусламж авахаар түгээмэл зорчдог. Одоогийн байдлаар эх орондоо эргэж ирэх хүсэлтээ илэрхийлсэн 4000 орчим Монгол Улсын иргэн БНСУ-д байгаа нь хамгийн өндөр тоо байна. Гэтэл 11 дүгээр сарын төлөвлөгөөт 6 нислэгийн 1 нь үйлдэгдсэн, 12 дугаар сард огт нислэг үйлдэгдээгүй байгаа нь эдгээр хүмүүсийн эрх ноцтой зөрчигдөх эрсдлийг бий болгож байна. Тухайлбал, тус улсын цагаачлалын албаны түр хорих байранд хоригдож байгаа Монгол Улсын 12 иргэн өлсгөлөн зарласан, тэдний нэгэн нь 2 сартай жирэмсэн эмэгтэй бөгөөд тэрээр жирэмсний хордлоготой, эрүүл мэндийн байдал хүндэрсэн талаар Комисст гомдол ирүүлжээ. Эдгээр иргэдийн төлөөлөл БНСУ-д суугаа Элчин сайдын Яамны ойролцоо суулт зарлаж байна. Олон тооны Монгол Улсын иргэн оршин суудаг БНСУ-д хийх тусгай үүргийн нислэгийг Монгол Улсад бүх нийтийн бэлэн байдал зарласантай холбоотой цуцалсан нь зохисгүй, шударга бус гэж үзэх үндэслэлтэй.
Хүний эрх, эрх чөлөөний зөрчлийг таслан зогсоох, зөрчигдөхөөс урьдчилан сэргийлэх зорилгоор Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2 дахь хэсэгт заасан бүрэн эрхийнхээ хүрээнд Шаардлага хүргүүлж байна. Үүнд:
1.Иргэдээ гадаад улсаас шуурхай татан авах, ялангуяа БНСУ-д яаралтай нислэг үйлдүүлэх;
2. Гадаад улсаас иргэдээ шуурхай татан авах иж бүрэн төлөвлөгөөг холбогдох салбарын мэргэжилтнүүдийн оролцоотой боловсруулж, хэрэгжүүлэх. Үүнд: тусгаарлалтын хугацааг нөхцөл байдал өөрчлөгдөх тухай бүр шинжлэх ухаанчаар хянан тогтоож, тусгаарлах байрны төлбөрийн сонголт, уян хатан нөхцөл бий болгох зэрэг боломжит арга замаар тусгаарлах байрны хүрэлцээг нэмэгдүүлэх, эмнэлгийн үйлчилгээ, халдвар хамгааллын дэглэм сахиулах нөхцөл, техник хэрэгсэл, зардал зэрэг шаардлагатай хүчин зүйлсийг цогцоор нь, бодитой тооцож төлөвлөх;
3. Монгол Улсын иргэнийг коронавирусын халдварын улмаас ялгаварлан гадуурхалгүйгээр тусгай үүргийн нислэгт хамруулах боломжийг бүрдүүлэх, энэ нөхцөлд мөрдөгдөх халдвар хамгаалалтын журам боловсруулж, мөрдөх;
4. Цар тахлын улмаас гадаад улсад хүнд нөхцөлд орсон иргэнээ хамгаалах, мэдээллээр хангах чиглэлийг Монгол Улсын элчин сайдын яамд, консулын газруудад бичгээр хүргүүлэх;
5. Улсын онцгой комиссын шийдвэрээр тусгай үүргийн нислэг цуцлагдсаны улмаас санхүүгийн нэмэлт эрсдэл хүлээсэн хүмүүсийн хохирлыг төрөөс нөхөн төлөх.
Шаардлагын хэрэгжилтийг хангаж, авч хэрэгжүүлсэн арга хэмжээ, биелэлтийн талаар Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.2 дахь хэсэгт заасны дагуу 7 хоногийн дотор хариу ирүүлнэ үү.
МОНГОЛ УЛСЫН ХҮНИЙ ЭРХИЙН ҮНДЭСНИЙ КОМИССЫН ГИШҮҮН Б.ЭНХБОЛД