We Mongolia ТББ цар тахалд нэрвэгдсэн 35 айлд тусаллаа. Энэ тухай We Mongolia ТББ-ийн захирал Ч.Энххорол ярихдаа, АНУ-д ажиллаж, амьдарч байгаа Монгол эмэгтэйчүүд хамтарч “We Mongolia” нэртэй төрийн бус байгууллага байгуулсан. Энэ байгууллага 12 дугаар сарын 1-ээс 8-ны хооронд АНУ-д суугаа 70-аад Монголчуудын дунд хандив зохион байгуулж Монгол улсад үүсээд буй цар тахлын хүнд нөхцөл байдалд ажил орлого зогссон, хүнд нөхцөлд байгаа айл өрх, хүүхдүүдэд хүнс тэжээлийн дэмжлэг үзүүлэхээр нэгдсэн. Бид харилцааны боловсролын төвийн Дээгий багштай холбоо барихад манай дүүрэгт хүнд нөхцөл байдалтай айлууд байгаа энэ айлуудад өгье гэсэн санал тавьсны дагуу ирлээ гэв.
Тусламж хүртсэн эмэгтэй ярихдаа, "Ийм хүнд нөхцөл байдлын үед бидэнд тэр холоос туслалцаа дэмжлэг үзүүлэхээр сэтгэл зүрхээ зориулсан та бүхэндээ баярлалаа. Төрөөс үзүүлдэг хүүхдийн мөнгө, хоолны талон гэх мэт халамжийн хөтөлбөрт хамрагддаггүй. Нэгдүгээр сараас нэг хүүхэд маань хүүхдийн мөнгөнд хамрагдаж эхэлсэн. Бичиг баримт бүрдээгүйн улмаас хоёр хүүхэд маань хамрагдаагүй байгаа. Өөр орлого байхгүй учраас сард авч байгаа хүүхдийн мөнгөөр зохицуулж байна. Гадуур гарч ажил хайхаар ажил олддоггүй. Гэрийн хаяг байхгүй болохоор Эмнэлгийн тусламж зөвлөмж авдаггүй. Хаяг авъя гээд очихоор Коронавирусын халдвар гарсан, ажиллахгүй байгаа гээд авч чадахгүй байгаа гэв.