Нийслэлд үүсээд буй коронавирусийн шинэ голомтыг хумих арга хэмжээний талаар Засгийн газраас мэдээлэл хийж байна.
Шадар сайд Я.Содбаатар "Цаг үеийн нөхцөл байдлыг үнэлж Улсын онцгой комисс, Засгийн газар хуралдаж дараах шийдвэрүүдийг гаргалаа. Мэргэжлийн хүмүүсийн зөвлөмжийг дагаж, Засгийн газар Улаанбаатарын хэмжээнд бүх нийтийн бэлэн байдлын зэргийг хэсэгчилсэн байдлаар тогтоохоор боллоо. Нийслэлийн хэмжээнд арванхоёрдугаар сарын 23-ны өдрийн 06:00 цагаас 2021 нэгдүгээр сарын 6-ны 06:00 цаг хүртэл бүх нийтийн хэсэгчилсэн хөл хориог тогтоож байна.
Засгийн газраас иргэдийн амь нас эрүүл мэндийг хамгаалах асуудлыг нэн тэргүүнд тавьж байгаа. Эрүүл мэндийн ачааллыг өнөөдрийн нөхцөл байдлаас давуулахгүй байхад анхаарч байна. Өдөрт 20-30 хүнээр нэмэгдэж байна. Иргэдийн дунд байсан хүмүүсээс халдвар тархах эрсдэл өндөр гэсэн судалгааг мэргэжлийнхэн өгч байгаа. Дэлхийд 192 орон хөл хорио тогтоогоод байна. Жишээлбэл, Англид шинэ вирус илэрсэн. Халдварын тархалт нэмэгдэх хандлагатай гэж үзэн олон орон хөл хорио тавьж байна" гэлээ.