Өнөөдөр УИX-ын нэгдсэн чуулгантай
Өрөг хэлэлцүүлэг энэ удаа “Тахлын үеийн улс төрийн манлайлал ба эрсдэлийн менежмент” сэдвээр хэлэлцлээ. Цар тахлын хүнд үед иргэд өөрсдийн төлөөлж сонгосон улс төрчид хэрхэн манлайлахыг хүлээж байна. Манай улс төрчид манлайлалтай ажиллаж чадаж байгаа юу?
Зочноор:
- УИХ-ын гишүүн Ч.Ундрам
- УИХ-ын гишүүн С.Одонтуяа
- УИХ-ын гишүүн Т.Доржханд
- Бизнес эрхлэгч Т.Ганболд
- Улс төр судлаач О.Чулуунбилэг
ОНЦЛОХ ЭШЛЭЛЭЭС ХҮРГЭЕ
Улс төр судлаач О.Чулуунбилэг:
- Улс төрийн манлайлал гэдэг сайн дурын үндсэн дээр бий болдог. Цар тахлын үед улс төрчид санаачилгатай, манлайлалтай ажиллах ёстой.
- Ковидын үеэр улс орнууд бүрэн онцгой эрхийг засгийн газартаа олгоод байна. Ийм нөхцөлд иргэний эрх ихээр зөрчигддөг юм байна. Манайд ч гэсэн хангалттай зөрчигдөж байгаа. Яг энэ үед хийх ёстой зүйл бол хүний эрхийг хэрхэн хамгаалж байгаа вэ, иргэддээ үйлчилгээгээ яаж үзүүлж байгаа вэ гэдгийг ил тодоор шахаж шаардаж ажиллах ёстой.
- Олон улсын жишгээр ерөнхий сайдууд улс орноо манлайлж байгаа. Сайн жишээгээр харахад гурван үндсэн зүйл хийгээд байгаа юм. Нэгдүгээрт: маш богино хугацаанд голомтыг олж хянах, иргэддээ төлөвлөгөөг тодорхой болгож өгч байгаа. Бүх зүйлээ тодорхойлчихвол нийгмээрээ өдөр тутмын хийх үйл ажиллагаагаа менежмент хийх боломжтой байдаг. Манай УОК тийм жишгээр ажиллаж чадахгүй, захиргааны аргаар л ажиллаж байна.
- Энгийнээр харахад ковидыг мөсөн уултай адилтгаад байгаа юм. Вирус зөвхөн ил цухуйж байгаа хэсэг нь. Мөсөн уулын усан доор байгаа хэсэг нь юу вэ гэхээр ядуурал, ажилгүйдэл, эдийн засгийн хүндрэл, хүний эрхийн асуудал гэх мэт энэ бүгд доор нь байна. Ковид гэдэг цар тахлын асуудлыг томоор харж Их хурал ямар төвшинд орох, мэргэжлийн байгууллага юуг нь хийх талаар төлөвлөгөөгөө гарга.
- Үндэсний зөвлөлийг ахалж байгаа ерөнхий сайд ард түмэнд хийх ёстой ажил, мэдээллээ танилцуулж байх ёстой. Цар тахлаас болоод эдийн засаг гэх мэт бүх зүйл өөрчлөгдөж байна. Энэ тохиолдолд яах юм бэ? гэдгийг ерөнхий сайд хэлэх ёстой. Манайд бодлого нь байхгүй байна.