Өнөөдөр УИX-ын нэгдсэн чуулгантай
Өрөг хэлэлцүүлэг энэ удаа “Тахлын үеийн улс төрийн манлайлал ба эрсдэлийн менежмент” сэдвээр хэлэлцлээ. Цар тахлын хүнд үед иргэд өөрсдийн төлөөлж сонгосон улс төрчид хэрхэн манлайлахыг хүлээж байна.
Зочноор:
- УИХ-ын гишүүн Ч.Ундрам
- УИХ-ын гишүүн С.Одонтуяа
- УИХ-ын гишүүн Т.Доржханд
- Бизнес эрхлэгч Т.Ганболд
- Улс төр судлаач О.Чулуунбилэг
ОНЦЛОХ ЭШЛЭЛЭЭС ХҮРГЭЕ
УИХ-ын гишүүн С.Одонтуяа:
- Ковид гэнэт нэг өдөр газар хөдөлдөг шиг ирээгүй. 10 сарын өмнөөс дараагийн давлагаа хүчтэй байх нь, бизнесийн зогсонги байдал үүсэх нь, эдийн засгийн хямрал бий болох нь гэх мэт мэдээллүүд гарч, бэлтгэлтэй байх дохио өгч байсан. 10 сар гэдэг бол эрүүл мэнд, эдийн засаг зэрэг бүх талын бэлтгэл хангах хангалттай хугацаа мөн.
- Тахлын үед иргэд улс төр дэх төлөөллийнхөө үг, үйлдэл бүрийг харж, хүлээж байдаг. Олон улсад жинхэнэ лидерүүд ийм хүнд үед л төрдөг. Жишээлбэл Меркель, Шинэ Зеландын ерөнхий сайд нар долоо хоног бүр мэдэгдэл хийж, иргэдтэйгээ нээлттэй байна.
- Х.Нямбаатар гишүүн тэтгэвэрт байгаа генералд очиж шагнал гардуулсанд хүмүүс өндөржүүлсэн бэлэн байдлын үед журмаа мөрдсөнгүй гэж их шүүмжилсэн. Тийм учраас бид тойргоороо явахгүй байгаа.
- Засгийн газрын сүүлийн шийдвэр дээр УИХ-ын саналыг сонсоогүй. УИХ-ын даргын захирамжаар ажлын хэсгүүд байгуулагдсан. Б.Чойжилсүрэн гишүүнээр ахлуулсаг багт би ажилласан. Энэ цар тахлын үед аж ахуй нэгжүүдэд болон өрхүүдэд хэрхэн дэмжлэг үзүүлэх вэ талаар бид хоёр удаа хуралдсан. Ерөнхий сайдыг мэдэгдэл хийхээс өмнөх өдөр эрчим хүчнийхнийг дуудаад эрчим хүчний салбарт ямар хөнгөлөлт дэмжлэг байж болох вэ гэж ярилцахад салбарынхан ачааллаа дийлэхгүй, маш хүнд байдалтай байгаагаа дуулгасан. Гэтэл биднээс санал авахгүйгээр маргааш нь шууд тэглэх шийдвэр гаргасан.
- Засгийн газрын сүүлийн шийдвэр өрхүүдийг дэмжиж чадахаар байна, аж ахуй нэгжүүдэд харин хангалттай дэмжлэг болж чадахгүй. МҮХАҮТ-ын сүүлийн судалгаанууд дээр аж ахуй нэгжүүд 55% нь татварын дэмжлэг, 52% нь нийгмийн даатгалын дэмжлэг хүсч байна. Солонгосын улс төрчийн лекцэд сууж байхад “Монголын улс төрчид стратеги байдаггүй” гэж байсан, тэр бол үнэн. Иргэдэд ашиглахгүй байгаа, үнэгүй юм тарааж өгөх гэж байгаа мэт тайлбарласан л болохоос биш Эрдэнэт үйлдвэрийн улсын төсөвт төвлөрүүлэх байсан мөнгө л байхгүй болно гэсэн үг. Нэгэнт ийм хэмжээний мөнгө төсвөөс гаргах гэж байгаа бол 5-10 жилийн ашигтай шийдэл гаргаж болох байсан.
- Импортыг орлох хүнсний худалдаа, үйлдвэр эрхэлбэл бүх зардлыг нь тэглэе, хөдөө очоод ногоо тарьвал ийм дэмжлэг үзүүлье үйлдвэрлэл эрхэлбэл татвар чөлөөлье гэх зэргээр дэмжих хэрэгтэй. Эдийн засгаа солонгоруулъя гэж олон жил ярьж байгаа хэрнээ өнөөг хүртэл дорвитой зүйл хийхгүй байна. Монгол улс эрүүл хүнсээ өөрсдөө хангах салбарыг хөгжүүлэх боломж байсан. Энэ урамшуулал дэмжлэгийг зөв хандуулж чадсан бол. Ковидын хоригийн үед улс орнуудын дотоодын хүнсний үйлдвэрүүд маш сайн хөгжиж байна.
- УИХ-ын гишүүдийн гол үзэл бодлоо илэрхийлэх, шаардлага тавих индэр бол байнгын хороо, УИХ-ын нэгдсэн чуулган байдаг. Цар тахалтай холбоотой хамгийн гол асуудал бол төсөв. Айлын эхнэр, ээж хүний хувьд хэлэхэд өрх айл ковидтой үед төсвөө янз бүрийн зүйлд зарцуулахгүй. Төсөв барьж байгаа гэрийн эзэгтэй шуба авна, байрныхаа өр зээлийг төлж дуусаагүй байж дахиад нэг хаус авна гэж бодохгүй. Гэтэл яагаад улсын төсөвт гэрийнхээ төсөвт ханддаг шиг хандахгүй байна вэ? Бид музей, олон соёлын төвөө түр хүлээчих, эхлээд бүгдээрээ хоол унд, ажлын байр хадгалахдаа зарцуулъя гэж янз бүрээр хэлж үзсэн.
- Төсвийн хууль гарчихсан, орлого нь орж ирэхгүй байхад яаж төсвийн хуулиа биелүүлэх юм бэ гэдэг нь ойлгомжгүй. Нийслэлийн орлого 40% тасарчихсан. Гэтэл төсөв дээр 400 гаруй тэрбумыг нийслэлд төвлөрүүлэхээр байна. Яаж нийслэл орлогоо бүрдүүлэх вэ. Төсвийн хууль хэрэгжих боломжгүй болж байна.
- Ардчилсан нам урт хугацааны бодлого дээр анхаардаг байсан. Чингис бондоос 300 мегаваттын эрчим хүчний салбарын өргөтгөл хийгээгүй бол өнөөдөр ачааллаа дийлэхгүй байх байсан. ТЭЦ-4 дээр 123 мегаватт, ТЭЦ-3 дээр 50 мегаватт, нийт маш олон зуун мега ваттын хөрөнгө оруулалтыг Чингис бондоос эрчим хүчний салбарт хийж байсан. Өөрөөр хэлбэл энэ нь 5-10 жилийн дараах бодлогоо харж хийж байсан. Тэгэхээр арай хийж явж байгаа эрчим хүчний салбарыг ганц буруу мэдэгдлээр хүнд нөхцөлд оруулж болохгүй.