Олон улсын парламентын холбоо /ОУПХ/-ноос УИХ-ын гишүүний халдашгүй байдалд халдсан асуудлаар Монгол Улсад хэрэг үүсгэсэн тухай УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргил мэдээлэв.
ОУПХ-оос УИХ-ын гишүүн Ж.Эрдэнэбатыг УИХ-ын зөвшөөрөлгүйгээр, Ерөнхий прокурор асуудал оруулаагүй байхад хууль зөрчин цагдан хорьсон. Энэ хугацаанд шүүх хурал хийж ял оногдуулж байгаа нь Монгол Улсын хууль тогтоомж, олон улсын парламентын гишүүдийн эдэлдэг эрхэд халдсан зүйл болсон байх магадлалтай гэсэн үндэслэлээр ОУПХ хэрэг нээсэн гэдгийг мэдээллийнхээ эхэнд тодотгов. ОУПХ-ноос энэ талаар УИХ-д мэдэгдэж, асуудлыг судлах ажлын баг гаргасан бөгөөд УИХ-аас холбогдох мэдээлэл хүссэн байна. Энэ дагуу холбогдох мэдээллийг УИХ-аас хүргэж байгаа юм.
УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргил, "Энэ асуудал УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны хүрээнд ажилладаг гишүүний Халдашгүй байдлын дэд хорооны анхаарлын төвд байна. Энэ асуудал дотроо хоёр хуваагдаж байгаа юм. Нэг нь УИХ болон дэд хороонд огт хамаагүй, нөгөөх нь хамаатай. Энэ хэрэг ном журмаараа шийдэгдсэн эсэх, шүүхийн шийдвэр зөв эсэх нь УИХ-ын, тэр дундаа дэд хорооны асуудал биш, шүүхийн асуудал. Бидэнд хамаатай асуудал нь УИХ-ын гишүүнийг ажил үүргээ гүйцэтгэж явахад нь УИХ-ын зөвшөөрөлгүйгээр барьж, цагдан хорьж, ял оногдуулсан нь хууль зөрчсөн гэж байнгын хороо, дэд хороо дүгнэж байгаа. Учир нь энэ бол хувь хүн, нэг гишүүний, намын асуудал биш. Аль нэг гишүүн халдашгүй байдлаасаа өөрөө татгалзаж болохгүй, УИХ шийддэг. Монгол Улсад 180 мянган төрийн албан хаагчдаас Халдашгүй байдлын эрхтэй 77 хүн байдаг. Ерөнхийлөгч, УИХ-ын гишүүд. Учир нь төрийн эрх барих дээд эрх мэдэл ард түмэнд байна гэсэн Үндсэн хуулийн суурь заалтыг хамгаалж байгаа юм. Өөрөөр хэлбэл, Ж.Эрдэнэбатын цаана ард түмэн байна, ард түмэн төр барих эрхээ хэрэгжүүлж байна гэж халдашгүй байдлын эрх олгодог. Тиймээс аль нэгэн гишүүн халдашгүй байдлаасаа татгалзах эрхгүй. Шаардлага гарвал зөвхөн Ерөнхий прокурор үндэслэлээ тайлбарлана, түүнийг нь дэд хороогоор авч хэлэлцээд, УИХ олонхоороо шийддэг. Гэтэл энэ тохиолдолд Ерөнхий прокурор УИХ-д энэ асуудлыг оруулж ирээгүй. Шүүх өмгөөлөгчид хандаж цагдан хорих арга хэмжээг ч танилцуулаагүй. Тиймээс ард түмний эрхэнд халдаад байна гэсэн үг" хэмээв.
Тэрбээр, нэг намын нөхөр, найз нөхөд гэдэг асуудлаар Байнгын хороо, дэд хороо асуудалд хандаагүй гэдгийг тодотгоод, энэ дэг зөрчсөн асуудал ном журмаараа яваагүй гэсэн асуудлыг тавьж байгааг тэмдэглэв. Шүүхээс ямар нэгэн тайлбар одоогоор ирээгүй байгааг дуулгав. Тэрээр цааш ярихдаа, "Хэвлэлээр явж байгаа өмгөөлөгчийнх нь яриаг сонсоход, УИХ-ын гишүүнд биш, Ерөнхий сайдын үүрэг гүйцэтгэж байх үеийнх нь асуудалтай холбогдуулж шийдвэр гаргасан гэсэн. Ингэж болохгүй, тэр хүн УИХ-ын гишүүн шүү дээ. Бид энэ асуудлаар олон улсын байгууллагаас ирүүлсэн бичгэнд хариу өгч байна. Шаардлагатай бол хууль тогтоомжид энэ асуудлыг тодорхой болгож зохицуулах хэрэгтэй юм байна гэж ойлгож байгаа" хэмээлээ.
ОУПХ нь аль нэг орны парламентын гишүүний эрх нь зөрчигдсөн эсэхийг судалж дүгнэлт гаргадаг. Тэгвэл Монгол Улсад парламентын гишүүний эрх зөрчигдсөн гэсэн дүгнэлт гарвал манай улсад шаардлага хүргүүлэх юм.