
Дэлгэрэнгүйг видео нэвтрүүлгээс хүлээн авч үзнэ үү!
Манай энэ удаагийн “ТЭР” дугаарт МУИС-ийн сэтгэл судлалын магистрант М.Өүлэн оролцлоо.
17 настайгаасаа эхлэн бие дааж амьдарсан тэрээр сурахынхаа хажуугаар олон төрлийн ажил хийж сургалтын төлбөр, хэрэгцээний мөнгөө зохицуулдаг талаар ярьсан юм.
Тэрээр, “Ганцаараа амьдрах нь илүү тухтай, үр бүтээлтэй санагддаг. Ингэхдээ олон зүйлийг зоригтойгоор туршиж, шийдэмгий алхмуудыг айдасгүйгээр хийж сурсан. Гэр бүлийнхэн маань миний гаргасан шийдвэрүүдийг уриалгахан хүлээж авдаггүй ч саад тавьдаггүй. Ээж минь хийсэн сонголтынхоо үр дүнг өөрөө хариуцаж, хүнд гомдоллохгүйгээр амьдрахад сургажээ гэж боддог юм.
Миний хувьд гэр бүлийнхнээсээ хол зурагтад нийтийн байр түрээсэлж амьдарч эхэлсэн. Эхэндээ энэ нь хэцүүхэн санагддаг байсан ч сонгосон замаараа үргэлжлүүлэн явсаар 4 жил болжээ. Энэ хугацаанд ресторан паб, компьютер үйлчилгээний газар, ТББ-д сайн дурын ажилтан гэх мэт олон зүйлийг хийсээр ирсэн. Одоо бодоход тухайн үед мөнгөний төлөө ажиллаагүй юм шиг санагддаг. Хүнтэй харьцахаас эхлээд их зүйлийг сурсан шүү. Амьдрахад хүмүүстэй харилцаж сурах их чухал байдаг.
Сэтгэл судлалын чиглэлээр сурч буй хүмүүс ёс зүйг нэн тэргүүнд тавих нь чухал. Мөн зөвхөн хүнд зөвлөх биш ойлгож ярилцдаг байх хэрэгтэй. Зарим хүмүүс зөвлөгөө сонсох гэж биш ярих талбар хайж байдаг учраас ойлгож сонсох хэрэгцээ маш чухал гэдгийг ойлгож авсан. Тухайн хүн ямар ч нөхцөлд амьдарсан байж болно. Хүн бүр адилхан зүйлийг туулсан байж болно. Гэхдээ мэдэрч байсан зүйлүүд нь өөр байдаг.
Миний сонгосон мэргэжил нийгэмд онцгой үүрэг хүлээж байдгийг ойлгочихсон болоод ч тэр үү, хааяа зайлсхийгээд байдаг. Тиймдээ ч дор хаяж 10-15 жил сурах шаардлагатай гэж боддог” хэмээн ярилаа.
21 насан дээрээ олон зүйлийг хийж, туршиж амьдарч буй залуу судлаачийн туйлын зорилго нь цөөхөн ч бай хамаагүй хүмүүст урам өгч, үлгэр дууриалал нь байх хэмжээний хүн болохыг хүсдэг. Хийж буй зүйл маань нэг хүнд хүрч тусалж чадаж л байвал энэ нь миний амьдралын үнэ цэнэ байх болно хэмээн хуучилсан юм.