Олон улсын сагсан бөмбөгийн холбоо /FIBA/-ны 3×3 World Tour Final-д шалгаран оролцохоор Монголын “Улаанбаатар MMC Energy” баг Саудын Арабын Жедда хотод очоод байгаа юм.
Багийн үндсэн бүрэлдэхүүнд Д.Дэлгэрням, Э.Дөлгөөн, Э.Цэрэнбаатар, Г.Цэнгүүнбаяр нар нөөц хоёр тоглогчийн хамт багтжээ. Монголын багаа дэмжиж, Монгол Улсаас Саудын Араб Улсад суугаа өргөмжит консул Хишам Аль-Амунди өчигдөр тэднийг хүлээн авч уулзаж, зоог барьсан байна.
"FIBA 3×3 World Tour Final" тэмцээн 12 дугаар сарын 18,19-нд болно. Дэлхийн 2020 оны хамгийн шилдэг 12 багийн хэсгийн хуваарилалтыг зарлахад, “Улаанбаатар ММС Энержи” баг чансааны есдүгээрт эрэмбэлэгдэж Сербийн “Лиман” болон “UB” багуудтай А хэсэгт багтжээ. Монголын залуус дэлхийн чансааг тэргүүлэгч “Лиман”-тай урьд өмнө найман удаа халз тулсан ч хараахан хожиж чадаагүй юм байна.