Монголын соёл, шинжлэх ухааны салбарт гарсан хэрэг, түүний сургамж
Монгол Улсын нутаг дэвсгэрээс олдсон палентологийн ховор олдвор, түүх, соёлын дурсгалт өв-музейн үзмэр, архивын үнэ цэнтэй баримт бичгийг гадаад улсад “гаргасан”, хувь хүний мэдэлд “шилжүүлсэн” хэрэг тасрахгүй байна. Ойрын үед гарсан гурван “дуулиант хэрэг”-ийг жишээ болгон авч, төр нийтийн өмч-өв-баримтыг алдаж асгасан гашуун явдлыг давтахгүй байх, хуульгүй юм шиг авирлаж, өнгө мөнгөөр үндэстнийхээ эрх ашгийг арилжихгүй байхыг уриалан сануулахын учир үүнийг бичлээ.
Батаарын түүх. 2012 он. АНУ-ын Нью-Йорк хотод ажиллаж амьдардаг палентлогич Минжингийн Болорцэцэг “Live science” сэтгүүлээс “Тираннозавр” нэртэй үлэг гүрвэлийн ясыг 950 мянган америк доллараар худалдах гэж буй тухай мэдээ олж уншжээ. Монгол Улсын Өмнөговь аймгийн Гурвантэс сумын нутаг: Нэмэгтийн хөндийгөөс олдог уг олдворыг 2012 оны 5 дугаар сарын 20-ны өдөр дуудлага худалдаанд оруулах гэж байсныг мэдээлсэн нь тэр аж. Доктор М.Болорцэцэг бээр тэр даруй Монгол Улсын Ерөнхийлөгчийн зөвлөхөөр ажиллаж байсан Ц.Оюунгэрэлд захидал бичсэнээр Монгол Улсын талаас нэхэмжлэл гаргаж, дуудлага худалдааг зогсоох; мэргэжлийн байгууллагаас дүгнэлт гаргуулах, хууль зүйн туслалцаа дэмжлэг авах гээд “Батаарын драм” ундарчээ. АНУ-ын Байгалийн Түүхийн музейн судлаач Марк Норэл уг олдворыг монгол нутгаас олдсон байх магадлалтай тухай мэдээ гаргаж байх үес дуудлага худалдаа явуулах газраас “Монгол Улс, АНУ-ын хооронд үүнийг зохицуулах эрх зүйн баримт бичиг байхгүй” гэсэн хариу ирүүлж байсан гэдэг. Гэвч олон улсын шинжээчид 70 сая жилийн тэртээ амьдарч байсан, монгол нутгаас олддог, махан идэшт үлэг гүрвэл- Тарбозавр батаар мөн болохыг тогтоож, түүнчлэн хуульчид уг олдворыг Монголын өмч болохыг бүх талаар нягтлан баталж чадсан юм. Батаарыг тойрсон маргаан мэтгээн, шалгалт шүүлэг үргэлжилсний үр дүнд дахиад 20 гаруй төрөл садан нь тийшээ ачигдсаныг олж мэджээ. Ингээд Батаарууд эх нутагтаа буцаж ирэв. Батаарыг эргүүлэн авчрах энэ бүх ажлыг Америкийн хуульч, өмгөөлөгч Робэрт Пэйнтэр, Монголын хуульч П.Цагаан, Ж.Баярцэцэг, палентологич Х.Цогтбаатар, дипломатч Э.Ганболд, соёлын зүтгэлтэн Б.Наранзун нарын зэрэг олон хүн зохион байгуулсан билээ.
Монголд хууль бус малтлага хийж, олдвор олоод улс улсын хил гаалийг худал мэдүүлгээр аргалж дөнгөсөн тэр хүнийг Эрик Прокопи гэдэг. Ясны наймаачин гэж алдаршсан, хаа холын тэр хүнийг Нэмэгтийн хөндийд газарчлан хүргэж, олдворыг олж өгөхөд манайхан өөрсдөө гар хөл болон тусалж чиглүүлсэн нь дамжиггүй. Академич Р.Барсболд гуай ийм ховор олдворыг хулгайд алдсанд ихэд харамсаж буйгаа хэлж байсан билээ. Насаараа зорьж тэмүүлж яваа зүйлийг нь мэргэжлийн үнэ цэнээ ухаараагүй, ашиг хонжоонд автсан улс наймаалцаж орхисонд гомдох ч багадаж байсан биз ээ. Батаарын түүх Монголын хууль, соёл, шинжлэх ухааны салбарт “шинэ мэдлэг бүтээсэн”, асар үнэтэй сургамж болсон юм.
1000 үзмэрийн түүх. 2008 он. Монголын Үндэсний Үндэсний музейн нэгэн ажилтан өөрийн итгэмжлэн хариуцаж байсан сан хөмрөгөөс удаа дараагийн үйлдлээр 400 гаруй дансны 1000 гаруй эд өлгийн зүйл-үзмэрийг суйлж, үрэн таран хийсэн хэрэг ил болов. Монголын шүүх түүнийг улсад онц их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэнд тооцож, 7 жил хорих ялаар шийтгэжээ. Түүний хулгайлсан үзмэрүүд дотор ховор бурхад, анхны мөнгөн тэмдэгтийн загвар, хэд хэдэн тамга гээд олон сонин үзмэр байв. Малд нүдтэй хүн бол 1000 хониноос 1 төлөг дутахад ч андахгүй. Гэтэл Монголын Үндэсний музейн удирдлага бүх үзмэрийнхээ 1/50-г алдчхаад төө хойно мэдэж, бөөн хэл ул болж байсан нь “гайхалтай”. Түүнийг ийн хулгай хийж буйг музейн захиргаа, яам тамгын албан тушаалтнуудаас хэн нь ч гадарлаагүй гэж үү?
Үлгэр домог мэт яригдах болсон соёлын хулгайн түүх үүгээр бас дуусаагүй. Үндэсний музей 2008 оны тооллогоор 15,119 дэсийн 46,500 ширхэг үзмэртэй гэж тоологджээ. Харин 2012-2014 оны улсын тооллогоор тус музей 18,897 дэсийн 55,572 үзмэртэй гэж тоологджээ. Юун зөрүү гараад ирэв гээд хайтал алга болсон, хулгайд алдсан өнөөх 1004 ширхэг үзмэрийн 69 нь шинэ тооллогоор эргээд гараад ирэх нь тэр. Үгүй, мөн хачирхалтай яа. Үүнээс гадна 2008 оны тооллогоор огт бүртгэгдээгүй 5 дэсийн 8 үзмэр гарч ирсэн гэдэг. Тэр бүгд Б.Энхбат агсны хулгайлсан гэх үзмэрийн жагсаалтад байв. Арай алдсан, үрсэн болгоноо Б.Энхбат агсанд тохож, нэг мөр “хэргээ” хаалгуулсан юм биш биз.
Бүртгэл, тооллого, хяналт, хариуцлага гэдэг зүйл ямархуу байгаагийн жишээ, 1000 үзмэрээр ухаарсан холион бантангийн энэ түүх бол Монголын соёлын салбар, тэр дундаа музейн салбарт асар үнэтэй сургамж болсон юм.
640.000 нүүр архивын баримтын түүх. 2020 он. Өрөг.мн-ийн сэтгүүлч У.Болортуяа “Түүхээ худалдсан түүхчид” хэмээх цуврал нэвтрүүлгээрээ Соёлын яамны сайд С.Чулуун нарын гарын үсэг зурж, нууцалж байсан нэгэн гэрээг задалж, архивын асар их баримтыг Хятад улсад “бэлэглэсэн” гэх сүлжээг ил болгов. Уг нэвтрүүлэгт МУИС-ийн багш, доктор Ж.Урангуа, Д.Анхбаяр, Н.Алтантөгс, Б.Чинзориг болон ШУТИС, МУБИС зэрэг сургалт, судалгааны байгууллагын эрдэмтэн судлаач, үндэстний үнэт зүйлээ эрхэмлэдэг хүмүүс оролцон, архивын баримтаа их хэмжээгээр гадагш үнэгүй шилжүүлэхийн хор холбогдлыг тайлбарлав. Архивын газрын дарга асан, доктор, профессор Ч.Дашдаваа бээр 2013 онд архивын материалыг Хятад улсад “бэлэглэсэн” энэхүү гэрээг байж болох бүх хэм хэмжээг зөрчсөн тухай анх дүгнэлт гаргаж байсныг мартах учиргүй юм.
С.Чулуун Шинжлэх Ухааны Академийн Түүхийн хүрээлэнгийн захирал байхдаа буюу 2012 онд БНХАУ-ын Нийгмийн Шинжлэх Ухааны Академийн Хил хязгаарын түүх, газар зүйн хүрээлэнтэй нэгэн гэрээ байгуулжээ. Уг гэрээгээр Монгол Улсын Үндэсний Төв архивт хадгалагдаж буй 1725-1911 оныг хүртэлх 200 орчим жилийг хамрах М1 данс: “Хүрээ сайдын хөмрөг”-ийн асар их архивын материалыг өнгөтөөр сканердаж, Хятадад үнэгүй шилжүүлсэн аж. Гэрээгээр Улсын Архивын сан хөмрөг дэх Хүрээ сайдын баримтын бүх дансыг буюу 640.000 нүүр бүхий 2489 нэгж баримтыг Хятадын талд өгч, 500 нүүр бүхий 1280 орчим боть ном болгож хэвлэхээр төлөвлөжээ. Багахан тоо бодъё. Архиваас нэг нүүрийг 5000 төгрөгийн төлбөр төлж хуулбарлан авдаг журмаар бол уг баримтыг хуулбарлахад нийт 3 тэрбум 200 сая төгрөг төлөх ёстой. Гэвч тэд нэг ч төгрөг төлөөгүй. Мөн Монголын Архивын дурдсан хөмрөгийн сканердсан эхийн зохиогчийн эрхийн тухайд “Монгол, хятад хоёр тал нь зохиогчийн эрхийг тэгш эдэлнэ” хэмээн тохирч, эхний 20 ботийг хэвлээд байгаа аж. Хоёр эзэнтэй нэг баримт! Уг ном одоо Хятадад цахим худалдааны олон сүлжээгээр 2700$ зарагдаж байна (500 багц нь 4 тэрбум, 1000 багц нь 8 тэрбум төгрөг болно). Монголын талаас С.Чулуунтай хамт гэрээнд гарын үсэг зурсан Д.Өлзийбаатар нь тухайн үед Архивын Ерөнхий газрын даргын хариуцлагатай албыг хашиж байжээ. Тэд олон нийтийн мэдээллийн хэрэгслээр удаа дараа “640,000 нүүр баримт”, “талууд зохиогчийн эрхийг эдэлнэ” зэрэг заалтыг ор үндэсгүй гэж мэлзэж, улмаар эдгээр баримтыг үнэ цэнгүй цаас, хэдэн захиа төдий зүйл мэтээр муйхарлан тайлбарласан ч цагаан дээр хараар бичиж, гарын үсэг зурсан гэрээ нь асуудал өөр болохыг батлав.
Энэхүү гэрээг нэн даруй цуцалж, ажиллагааг таслан зогсоохгүй бол цаашид хэчнээн боть хэвлэгдэн гарч, хэдэн газраар хэдэн хувиар зарагдах нь бүү мэд. Мөнгөн ашиг нэг л зүйл, түүнээс илүү үндэстний эрх ашиг гэдэг юм байдгийг умартаж үл болно. 640,000 нүүр архивын баримтыг сканердан, Хятад улсад үнэгүй шилжүүлсэн нь Монголын шинжлэх ухаан, архивын салбарт тохиосон хамгийн харамсалтай, дэндүү хатуу сургамж болов.
Ямар ч монгол хүнд эх орноосоо урвах, эх орноо зарж үрэх санаа байдаггүй биз. Харин хэд гурван юань, долларын бараанаар хамаг байдгаа хадган дээр тавиад туучхаж мэдэх, юу байгаагаа нэгд нэгэнгүй заагаад өгчихөө ядахгүй богино бодолтон бол бий. Хувь хүний асуудал гэхээсээ энэ талын боловсрол мэдлэг дутуу, басхүү хариуцлага хяналт сул буйн бодит илрэл дээрх мэт хэргээр тодрон гарч ирж байгаа юм. Батаараар үлэг гүрвэлээ хямгадах ёстойг, 1000 үзмэрээр музейгээ хамгаалах учиртайг, 640 мянган нүүр баримтаар архиваа цэгцлэх шаардлагатай ухаарав.
Бид энэ бүхнээс юу мэдэж, цаашид юуг хийх ёстой вэ? Асуудал буйг илчлээд хэлчихдэг “шүгэл үлээгч”-дийн эрхийг юун түрүүн хамгаалах хэрэгтэй. Учир нь худал хуурмагийг нь ил шулуун хэлж, засаж залруулах шаардлага тавих зориг дурын хүнээс гардаггүй. Энэ мэт аливаа хэрэг ихэвчлэн эрх мэдэлтэй, танил талтай хүмүүсийн үйлдэл байх нь түгээмэл. Тиймээс ч тэдгээр гэмтэн шүгэл үлээгчийг ил, далдаар шахан зайлуулах, дарамтлан мохоох гэж зүйл бүрээр оролддог. Тэд санасандаа хүрэх аваас хожим нь олон батаар, олон үзмэр, олон баримт ор сураггүй алга болж, хойноос нь хөөцөлдөх эзэнгүй үлдэнэ. Монгол хохирно. Түүнчлэн өмч, өв, баримтаа хамгаалах, судлах чиглэлд мэргэжилтэн (хуульч, өмгөөлөгч, шинжээч гм) бэлтгэх; олон улсын гэрээ конвенцод нэгдэн хамтрах, хууль эрх зүйн орчин нөхцөлөө сайжруулах зэрэг цаг хугацаа, дэг журам, зохион байгуулалт орсон ажлыг бид хийх хэрэгтэй байна.
“Үнэнч биш замаар дэлхийг тойрч болно оо, харин эргэж ирэхгүй л байх даа” гэж Ф.Достоевский хэлсэн байдаг юм. Хэн хүнгүй санаж явахад илүүдэхгүй үг болов уу! Бид эх захгүй мэт аашилж, хуульгүй мэт дургисан цагийг эцэслэж, барих чигтэй, дагах үнэнтэй явах үед ирлээ. Юм яаж ч муугаар эргэсэн ерөнхий чиглэл нь сайн тал руугаа явж байдаг. Энэ бол эрэлхэг цэрэг Швэйкийн хэлэх дуртай үг.
Г.Баттогтох
Г.Мөнх-Эрдэнэ