Энэ сарын 14-нд жүжигчин Б.Навчаа өөрийн цахим хуудаснаа Хууль зүй, Дотоод хэргийн сайд Х.Нямбаатарын гомдлоор шүүхэд дуудагдсан яллах дүгнэлтээ нийтэлсэн. Тэрээр энэ талаар тодруулга авахыг хүссэн сэтгүүлчдэд, “шүүх хурал болтол яриа өгч болохгүй. Хэрвээ мэдээлэл өгвөл Хууль зүйн сайд миний эрх зүйн байдлыг дордуулж нэмж ял өгөх болно” хэмээн мэдээллээ.
Тэрээр өөрийн цахим хуудаснаа, “Х.Нямбаатар сайдын санаачилсан хуулийг эсэргүүцэж байна. Яаж тэнэгтэхээрээ 14-16 насны охидод бэлгийн дарамт үзүүлсэн бол харилцан бэлгийн харьцаанд орсон гэж торгох хууль баталж байгаа юм бэ. Энэ хууль насанд хүрээгүй охидыг хүчирхийлж болно гэсэн утга агууламжтай санагдлаа” гэсэн утга бүхий пост оруулсан нь сайдын эгдүүцлийг хүргэсэн юм.
Сайд түүний постыг нэр хүндэд халдаж илтэд худал мэдээлэл гаргасан хэмээн цагдаагийн байгууллагад гомдол гаргасан нь хэрэг үүсч прокурорын газраас яллах дүгнэлт үйлджээ. Жүжигчин Б.Навчаад Эрүүгийн хуулийн 13-ийн 14 дэх хэсэгт зааснаар гүтгэх заалтаар гомдол гаргасан байна. Тун удахгүй сайд Х.Нямбаатарын гомдлын дагуу жүжигчин Б.Навчаад холбогдох шүүх хурлын тов гарна.