Коронавирусийн цар тахлын улмаас хөл хорио тогтоож, ерөнхий боловсролын сургууль болон их, дээд сургуулийн оюутнууд цахим хичээлд хамрагдаж буй. Үүнтэй холбогдуулан өдгөө дэлхий дахинд онлайнаар суралцах олон боломж бий болсон бөгөөд 1.2 тэрбум сурагч цахимаар суралцаж байна. Хөл хорионы үеэр цагийг үр бүтээлтэй өнгөрөөж, цахимаар суралцах үр дүнтэй боломжуудыг толилуулж байна.
hicheel.mn-д бүх теле хичээлийг байршуулсан
Боловсрол, соёл, шинжлэх ухааны яамнаас сурагчдад зориулж ЕБС-ийн болон цэцэрлэгийн теле хичээлүүдийг hicheel.mn сайтад үнэгүй байршуулж ашиглах боломж олгож байна.
Давуу тал:
- Нөхөж үзэх боломжтой
Khan Academy-н бүх хичээл үнэ төлбөргүй
Khan Academy нь ашгийн бус, онлайн хичээлийн платформ юм. Тус сайтын математик, компьютер, программ хангамж, эдийн засаг, санхүү, англи хэл зэрэг олон төрлийн хичээлд хамрагдах боломжтой. Мөн нэгдүгээр ангиас эхлээд төгсөх ангийн сурагчдад зориулсан хичээлүүд ч бий. Хичээлүүд англи болон монгол хэл дээр байдаг бөгөөд олон улсын стандартад нийцсэн байдаг. Түүнчлэн SAT, LSAT, GMAT гэх мэт шалгалтад бэлдэх хичээлүүд, ахисан түвшний мэргэжлийн хичээлүүд бий.
Давуу тал:
- Хэлний мэдлэгээ сайжруулах боломж
- Үнэ төлбөргүй
- Бүх насныханд зориулсан
- Олон улсын стандартад нийцсэн
- Google Classroom-ийг үнэ төлбөргүй ашиглаарай
Танхимын сургалтад хамрагдаж буй мэт эмх цэгц, зохион байгуулалттай мэдлэг авах боломжтой үнэ төлбөргүй боломж бол Google Classroom юм. Сургалтын менежментийн энэхүү системээр дамжуулан багш хичээл, шалгалт, хэлэлцүүлэг, дүн зэрэг бүх мэдээллээ нэгтгэн оруулж, сурагчидтайгаа харилцаж болно. Оюутнуудад илүү тохиромжтой.
Давуу тал:
- Үнэ төлбөргүй
- Хичээлийн материалаа хуваалцах, видео, шалгалт, даалгавар оруулах
- Цэгцтэй бүтэц
EDX ашиглан дэлхийн хэмжээний боловсрол эзэмшээрэй
EDX бол гадаад хэл, технологи, эрүүл мэнд, бизнес санхүү, урлаг зэрэг 2000 гаруй төрлийн курс хичээлийг санал болгодог онлайн сургалтын сайт юм. Хичээлүүд нь төлбөртэй болон төлбөргүй гэсэн хоёр төрөл бөгөөд хэрвээ та мэдлэгээ баталгаажуулж, сертификат авахыг хүсвэл төлбөртэй хичээлийг сонгох ёстой. Тус сайтад байршсан хичээлүүдийг дэлхийн топ сургуулиудын профессор, багш нар заадаг. Мөн онлайн хичээлийн хөтөлбөр нь дотроо аливаа нэг сэдвийн талаар гүнзгий мэдлэгтэй болоход чиглэсэн хичээл, их дээд сургуулиудын кредиттэй хичээл, мэргэжлийн чадварыг хөгжүүлэх гэх мэт ангилалтай.
Давуу тал:
- Үнэ төлбөргүй суралцах боломж
- Чанартай боловсрол
- Мэдлэгээ баталгаажуулж, гэрчилгээ авах боломжтой
- Бүх төрлийн хичээл байршсан
Цахим сургуулийн системээр багштайгаа шууд харилцаж болно
Манай улсад цахим сургуулийн системийг амжилттай хэрэгжүүлж буй “Амжилт”, “Интерактив” зэрэг хэд хэдэн компани бий. “Амжилт” компанийн хувьд “Амжилт 2.0 сургуулийн цогц систем”-ийг 2015 оноос хойш хөгжүүлж, өдгөө хувийн хэвшлийн ерөнхий боловсролын найман сургууль, хоёр их сургуульд амжилттай нэвтрүүлсэн. Энд дурдагдаад буй цахим системийг нэвтрүүлсэн сургуулийн сурагчид карантин тогтоосон өнөө үед ямар нэгэн агуулгын зөрөөгүйгээр хичээлээ үргэлжлүүлэн судалж буй бөгөөд тухайн хичээлийн багштайгаа шууд харилцаж, ирц бүртгэл, гэрийн даалгавраа хянуулах болон мэдлэгээ бататгаж байна.
Давуу тал:
- Хичээлээ нөхөж үзэх, live хэлбэрээр буюу шууд дамжуулалтаар заах
- Сургалтдаа технологийн дэвшил ашиглаж, анимейшн, график үзүүлэх
- Веб рүү нэвтэрсэн нөхцөлд ирц автоматаар бүртгэгдэх
- Сургуулийн захиргаа, сурагч, багш болон эцэг эхчүүд өөр өөрийн нэвтрэх эрхээр хамтд ашиглах боломжтой
- Сургуулийн бүх мэдээллийг нэгтгэн дата хэлбэрт шилжүүлж, багш болон сургуулийн ачааллыг хэд дахин хөнгөвчилдөг