Засгийн газраас гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдлын зэргийг бууруулснаар өнөөдрөөс зарим үйлчилгээний байгууллагын үйл ажиллагааг нээж байна.
Үүнтэй холбоотойгоор үйл ажиллагаагаа эхлүүлж байгаа байгууллагуудад эрүүл ахуй, халдвар хамгааллын дэглэмийг сахин мөрдөж, хүнсний аюулгүй байдлыг хангаж ажиллах талаар Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас мэдэгдэл хүргүүлж байгаа аж. Энэ талаар Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын Эрүүл мэнд, боловсрол, соёлын хяналтын хэлтсийн дарга Д.Цэнд-Аюуш мэдээллээ.
“Үйлчилгээ эрхлэгч аж ахуй нэгжүүд үйл ажиллагаа эхлэхийн өмнө ажлын байранд их цэвэрлэгээ хийх, тусгай зөвшөөрөлтэй ахуйн шавьж, мэрэгч устгал, халдваргүйжүүлэлтийн үйлчилгээ эрхлэгч байгууллагаар халдваргүйжүүлэлт хийлгэх учиртай” хэмээн хэллээ. Мөн үйлчилгээний танхимын суудлын тоог 30-50 хувиар цөөлөх, нэг ширээнд хоёр хүн суухаар тооцоолон ширээ сандлыг байршуулах, үйлчлүүлэгч хоорондын зайг 1.5-2 метр байх нөхцөлийг бүрдүүлж ажиллах ёстой" гэлээ.
Үйл ажиллагаагаа эхлүүлж байгаа байгууллагууд шаардлагатай цэгүүдэд гар халдваргүйжүүлэгч байршуулах, халуурсан болон шинж тэмдэг илэрсэн ажилтанг түр тусгаарлах өрөөг гаргах юм байна. Мөн QR кодыг qr.119.mn сайтаас зааврын дагуу хэвлэн авч, иргэдийн орох хэсэгт ил харагдахаар байршуулж бүртгэлжүүлэх, эсвэл qr.ulaanbaatar.mn сайтыг ашиглан зааврын дагуу үйлчлүүлэгчийн иргэний үнэмлэхийн QR кодыг байгууллагын албан хаагч, ажилтан уншуулж бүртгэлжүүлэх ажлыг хийх зэрэг өдөр тутмын үйл ажиллагаандаа мөрдөн ажиллах юм. Байршуулсан QR кодыг тухайн байгууллагад орж ирсэн иргэн ebarimt аппликейшнээрээ уншуулан бүртгүүлэх юм байна.
Энэхүү системийг иргэд, аж ахуй нэгж байгууллагууд өдөр тутам хэрэглэснээр үүсэж болох эрсдлээс өөрсдийгөө бүрэн хамгаалах боломжтой. Иргэд үйлчлүүлсэн үйлчилгээний газар бүрт QR кодыг уншуулсанаар өөрийн дамжин өнгөрсөн зам, обьектын мэдээллийг хадгална гэсэн үг. Эрсдэл үүссэн тохиолдолд иргэдийн мэдээллийг цаг алдалгүй цахим хэлбэрээр шүүж, маршрутыг тодорхойлон хавьтагчдыг шуурхай илрүүлэх боломжтой