Туркийн эрх баригчид Оросын "Спутник V" вакциныг худалдан авахаас татгалзсан байна. Коронавирусийн эсрэг Оросын эрдэмтдийн гарган авсан "Спутник V" вакцин нь лабораторийн шаардлага хангахгүй байна хэмээн Туркийн Эрүүл мэндийн яамнаас мэдэгджээ.
"Оросын эрдэмтдийн гарган авсан вакцин нь GLP буюу лабораторийн зохистой шаардлагыг хангаж чадаагүй. Ийм ч учраас ДЭМБ болон дэлхийн бусад улс орнууд энэ вакциныг худалдан авч чадахгүй. Мөн манай Эрүүл мэндийн яамны тусгай лицензийн шаардлагыг ч хангаагүй. Иймээс худалдан авахаар яригдаж буй вакцины тооноос хассан" гэж Турк улсын Эрүүл мэндийн сайд Фехриддин Хожа хэллээ.
Үүсээд буй нөхцөл байдалтай холбогдуулан ОХУ-ын Ерөнхийлөгчийн хэвлэлийн нарийн бичгийн дарга Дмитрий Песков вакцин хэр үр дүнтэй болохыг харуулна гэсэн тайлбарыг өгсөн байна. Түүнчлэн тэрбээр туршилтын үр дүнгээс харахад "Спутник V" нь маш үр дүнтэй, найдвартай вакцин бөгөөд цар тахлын эсрэг тэмцэлд маш чухал үүрэг гүйцэтгэж чадна гэв.