Монгол Улсын Ерөнхийлөгчийн Бодлого, үйл ажиллагааны хөтөлбөрт “Даяаршил, технологийн хурдацтай хөгжлийн эрин үед үндэснийхээ түүхэн уламжлал, хэл, соёлын дархлааг хамгаалах” заалт бий.
Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга Монгол хэлний тухай хуулийн 9.1.3 дахь заалтаар хүлээсэн “Монгол хэл, бичиг үсгээ хэрэглэх, эзэмших, хамгаалах, хөгжүүлэх чиглэлээр зарлиг гаргах, төрийн холбогдох байгууллагад чиглэл өгөх” эрх, үүргийнхээ хүрээнд 2018 оны Үндэсний бичиг үсгийн баярыг тохиолдуулан “Монгол бичгийн хэрэглээг нэмэгдүүлэх ажлыг эрчимжүүлэх тухай” 46 дугаар зарлиг гаргасан байна. Монгол хэлний тухай хууль, Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигийн дагуу “Монгол бичгийн үндэсний хөтөлбөр-III”-ийг Засгийн газраас батлан хэрэгжүүлж байгаа юм.
Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга коронавируст цар тахлын улмаас бүх шатны боловсролын байгууллагын үйл ажиллагааг хязгаарлаад буй энэ үед үндэсний хэл, бичиг, түүх, соёл, үнэт зүйлсийн дархлааг бэхжүүлэх, үндэсний бичгийн боловсрол, хэрэглээг дэмжих, сурагчдаас гадна насанд хүрэгчдийг үндэсний бичгээ сурч, эзэмшихэд уриалах зорилгоор үндэсний бичгийн теле хичээлийг зааж эхлээд байна.
Хэлний бодлогын үндэсний зөвлөлөөс үндэсний бичгийн цагаан толгойн үсгийн төстэй хэв шинж, махбодод үндэслэн Монгол Улсын Ерөнхийлөгчийн хичээлийн агуулгыг боловсруулжээ.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн теле хичээлийг өргөн нэвтрүүлгийн телевизүүдээр нэвтрүүлж, Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын https://www.facebook.com/presidentMGL болон “Монгол бичигтэн-2025” цахим хуудсанд байршуулах юм байна.
Нэвтрүүлгийн хуваарийг долоо хоног бүр Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын цахим хуудсаас үзэх боломжтой юм байна.
Энэ долоо хоногийн хичээлийн хуваарь:
- МҮОНРТВ-ээр 12 дугаар сарын 13-ны өдөр,
- Eagle ТВ-ээр 12 дугаар сарын 10-ны өдрийн 20:30 цагаас,
- UBS ТВ-ээр 12 дугаар сарын 8-ны өдрийн 21:50 цагаас,
- С1 ТВ-ээр 12 дугаар сарын 09-ний өдрийн 19:40 цагаас,
- 25 дугаар суваг телевизээр 12 дугаар сарын 10-ны өдрийн 16:20 цагаас,
- ETV-ээр 12 дугаар сарын 11-ний өдрийн 21:30 цагаас,
- SBN ТВ-ээр 12 дугаар сарын 11-ний өдрийн 19:30 цагаас,
- Боловсрол суваг телевизээр 12 дугаар сарын 12-ны өдрийн 13:40 цагаас тус тус олон нийтэд хүргэхээр товложээ.