УИХ-ын гишүүн асан Б.Ундармааг Нийгмийн даатгал, ЭМД-ын 340 тэрбум төгрөгийг хувьдаа завшсан хэрэгт холбогдуулан 40 сая төгрөгөөр торгох ял хүлээлгэсэн нь худал мэдээлэл юм. ЖДҮХС-аас Б.Ундармаагийн хамаарал бүхий компани нь 800 сая төгрөгийн зээл авахад түүнийг УИХ-ын гишүүний албан тушаалаа ашиглаж, нөлөөлсөн гэх хэргээр торгох ял ногдуулсан талаар түүний өмгөөлөгч П. Баасанжав мэдээллээ.
Тэрээр, Би өмгөөлөгчийн хувьд бодит мэдээллийг хариуцлагатайгаар мэдэгдэх нь зүйтэй гэж үзэж байна. Ундармаа нь НД, ЭМД-ын мөнгийг хувьдаа завшсан гэх хэрэгт ял шийтгүүлээгүй.
ЖДҮХС-гаас зээл авсан компанийн тухайн төсөл нь импортыг орлох, валютын гарах урсгалыг багасгаж нэмүү өртөг шингэсэн, ажлын байр нэмэгдүүлэх ач холбогдолтой байсан. Гэвч “УИХ-ын гишүүд өөрсдийн хамаарал бүхий компанидаа зээл авахад нөлөөллөө” гэх асуудал олон нийтэд гарснаар УИХ-ын гишүүн асан Б. Ундармааг хэрэгт холбогдуулан шалгасан.
Ингээд анхан шатны шүүхээс Б.Ундармаад 2.6 жилийн хорих ял оногдуулсан. Харин давж заалдах шатны шүүх хохирлыг барагдуулсан, гэм буруугаа хүлээн зөвшөөрснөөс гадна Б.Ундармаагийн эрүүл мэндийн ноцтой байдал, хүнд өвчний учир эмчийн хяналтад байнга байдаг зэргийг харгалзаж үзээд торгох ял ногдуулсан.
Тиймээс ЭМД, НД-ын мөнгийг Б.Ундармаа авч зувчуулж, завшчихсан асуудал байхгүй. Үндэслэлгүй зөрүү, ташаа мэдээлэл ойрын үед их яваад байгаа учраас энэ талаар үнэн учрыг тайлбарлаж байна” хэмээн ярилаа.