Засгийн газрын хуралдааны үеэр КОВИД-19-тэй холбоотой авч хэрэгжүүлж буй арга хэмжээг Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан танилцууллаа.
Тэрээр “Арванхоёрдугаар сарын сүүлээр нууц үедээ байсан хүмүүс буюу халдвар авсан хүний тоо огцом нэмэгдэх хандлага байна. Үүнээс улбаалан 2021 оны хоёрдугаар сард эмнэлэгт хэвтэн эмчлүүлэгчдийн тоо оргил үедээ хүрч болзошгүй дүр зураг гарч байна. Өөрөөр хэлбэл, халдвар дэгдэлтийн хоёр дахь давлагаа эхлэх магадлалтай байна” гэдгийг онцоллоо.
Үргэлжлүүлэн "Оношлуур, ариутгалын бодис зэрэг нөөцийн бүрдүүлэлтийг ханган ажиллаж байна. Эх нярай болон эмэгтэйчүүдийн үндэсний төвд одоогоор 500 ор бэлтгэсэн бөгөөд цаашид 300 ор нэмнэ. Мөн Сонгинохайрхан дүүргийн нэгдсэн эмнэлэгт 100, Баянхошууны шинэ эрүүл мэндийн төвд 200 орыг тус тус ашиглалтад оруулсан.
Түргэн болон шинж тэмдэггүй хүний ХӨСҮТ болон Цэргийн төв эмнэлэгт хэвтэх хугацааг цөөлж, 14 хоног болгож байна. Эдгээр эмчлүүлэгчдийг арванхоёрдугаар сарын 9-нөөс эхлэн Эх нярай, эмэгтэйчүүдийн үндэсний төв хоёр руу шилжүүлэн хянах, эрүүл мэндийг нь дэмжих үйлчилгээ үзүүлэн гэрийн хяналтад гаргахаар болсон" гэлээ.