Банкууд орон сууцны ипотекийн зээлийн эргэн төлөлтийг хойшлуулах хүсэлтийг иргэдээс цахим хэлбэрээр авч байгаа.
Энэ сарын 4-ний байдлаар нийт 2.11 их наяд төгрөгийн зээлийн үлдэгдэлтэй 38,828 зээлдэгч хүсэлт гаргаснаас 1.87 их наяд төгрөгийн зээлийн үлдэгдэлтэй 33,929 зээлдэгчийн хүсэлтийг шийдвэрлэж эргэн төлөлтийг хүү хуримтлуулахгүйгээр хойшлуулжээ.
Иргэд харилцагч банкандаа орон сууцны ипотекийн зээлийн эргэн төлөлтийг хойшлуулах хүсэлтээ цахим хэлбэрээр 2021 оны 1 дүгээр сарын 30-ны өдрийг дуустал гаргаж, шийдүүлэх боломжтой юм.
Коронавируст халдварын цар тахлын хүндрэлийн үед иргэдийн орлогыг хамгаалж, зээлийн дарамтыг бууруулахаар Сангийн яам, Монголбанк, МИК ОССК ХХК болон банкууд хамтран орон сууцны ипотекийн хөнгөлөлттэй зээлийн эргэн төлөлтийг ирэх оны 7 дугаар сарын 1 хүртэл хойшлуулах ажлыг хэрэгжүүлж байгаа юм.