ЭМЯ-ны ээлжит 11:00 цагийн хэвлэлийн хурлаар өнгөрсөн 24 цагийн хугацаанд Монгол Улсын хэмжээнд коронавирусийн халдварын 5 тохиолдол илэрч, нийт 893 болсон талаар мэдээллээ.
Хэвлэлийн хурлын үеэр "Алтай зочид буудалд тусгаарлагдсан хүмүүсээс халдвар илэрсэн эсэх" талаарх сэтгүүлчийн асуултад ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа хариулт өглөө.
Тэрээр, "Алтай зочид буудалд байрласан 20 хүнээс халдвар илэрсэн. Энэ зочид буудалд батлагдсан 4 тохиолдлын ойрын хавьтал хүмүүсийг тусгаарласан. Хүмүүсийг нэг нэгээр нь, гэр бүлийн хүмүүсийг гэр бүлээр нь тусгаарласан. Нийт 6 гэр бүлийн 20 хүн өвчилсөн. 14 хоног дотроо халдвар илэрч болох нууц үеийн хугацаандаа эрсдэл байна гэж ойрын хавьтлыг тусгаарладаг. Энэ буудал тусгай үүргийн онгоц авчрах үеэс эхлээд ажиглан тусгаарлах байраар сонгогдон ажиллаж байгаа. Тэнд ажиллаж байгаа хүмүүс хяналт тавихын хажуугаар мэргэжлийн байгууллагууд бас давхар хяналт тавьж байна. Манай ХӨСҮТ хүмүүсээ байрлуулах тэдэнд шинжилгээ хийх үйл ажиллагааг зохион байгуулдаг" гэлээ.