Архангай аймагт ажлаар яваад хот руу буцаж ирсэн, биеийн байдал тааруу 58 настай эмэгтэй 22-ын товчоон дээр ирээд эмнэлгийн тусламж авч чадалгүй амиа алдсан. Тухайн иргэнийг ирсэн даруй хүлээн авсан эмч нь нийслэлийн онцгой комисс болон Нийслэлийн эрүүл мэндийн газар руу холбогдож 60 гаруй удаа утасдсан боловч хариу өгөөгүй. Улмаар ямар нэгэн шийдвэр хүлээн Улаанбаатар хот руу нэвтрүүлээгүй байна. Талийгаач иргэн машин дотроо нэг хонож 9 цагийн орчимд нас барсан юм.
Үүнтэй холбоотой зарим худал мэдээллийг залруулах гэж талийгаачийн ар гэрийн хүн бидэнтэй холбогдохыг хүсэж мэдээлэл өглөө.
Тэрээр,“Өчигдөр өглөө миний эгч болох Н-ийн биеийн байдал хүндэрч эмнэлгийн анхан шатны тусламж авч чадалгүй 22-ын товчоон дээр амь насаа алдлаа. Талийгч өнгөрөхийн өмнөх шөнөө биеийн байдал нь муу байгаагаа хэлж 6-7 удаа түргэн тусламж дуудсан боловч амь насанд халтай өвчин биш гээд авч хэлэлцээгүй. Улмаар эгч маань 22.00 цагаас өглөөний 08.00 цаг хүртэл тарчилж өвдсөөр нас барлаа.
Хэвлэл мэдээллээр түүнийг Архангай аймгийн иргэн гэж буруу ташаа мэдээллийг цацаад байна. Энэ хүн бол Улаанбаатар хотын иргэн бөгөөд Архангай аймагт арваад хоногийн өмнө ажлаар ирээд буцаж явсан хүн шүү дээ.
Бид түүнийг нас барсныг тухайн өдрийн 09.00 цагт мэдээд хөдөө орон нутагт байгаа хүүг нь авчрах гэхэд заавал нас барсны гэрчилгээ шаардсаны улмаас өдөржин гэрчилгээг нь гаргуулах гэж хөөцөлдсөн. Миний бие Буян компани дээр очиж нөхцөл байдлаа хэлэн уйлан байж гуйхад, заавал шүүх эмнэлгийн долдугаар маягт авчирч байж энэ хүний нас барсны гэрчилгээ гарна гэсэн.
Энэ маягт нь шарилыг шүүх эмнэлгийн шинжилгээгээр оруулсны дараа гардаг юм байна. Энэ хооронд талийгчийн ар гэрийн хүмүүс тарчилж, ирэх гэж үнэхээр зовлоо. Уйлж гуйсны эцэст оройн 19.00 цагийн үед нас барсны гэрчилгээг арай гэж авсан.
Дэндүү хүнд сурталтай юм. Аль ч эмнэлэг Долдугаар маягтыг нь хийгээд өгөхгүй байна. Долдугаар маягт байхгүй учраас нас барсны гэрчилгээ өгөхгүй гэж Буян компани дээр байдаг нэг цэгийн үйлчилгээ нь хөдлөхгүй байна. Бид нар өөр хаана хандах юм бэ?
УОК-оос бидэнтэй холбогдож эмгэнэл илэрхийлэн уучлалт хүссэн зүйл огт байхгүй. Хүлцэл өчөөд байгаа юм бол яагаад энэ асуудлыг шийдэж өгөхгүй байсан юм бэ?
Постон дээр үзлэг хийж байсан эмчийн хэвлэл мэдээллийн байгууллагад өгсөн мэдээлэл худлаа. Талийгаачийн яг хажууд байсан жирэмсэн охины мэдээлж буйгаар талийгаачийн бие их өвдөж байхад нь, тэр охин аргаа бараад өөрөө машинаасаа бууж талийгчийг онцгойгийнхон байсан вагончиг рүү оруулж өгсөн. Ингээд л эгч маань вагончиг руу дөнгөж ороод л өнгөрчихсөн байгаа юм. Ямар ч эмнэлгийн тусламж авч амжилгүйгээр шүү дээ.
Эгчийнхээ алтан хайрцгийг нээлгэх гээд, нас барсан цагийг нь бүртгэсэн эмч рүү 15 удаа залгахад утсаа аваагүй. Ийм л хүнд сурталтай, хүнлэг сэтгэлгүй хүмүүсээс болж хүн амиа алдчихаад байна.
Амиа алдсан эмэгтэй хоёр хүүтэй. Хоёр хүү нь ингээд бүтэн өнчрөөд л үлдлээ. Бид үнэхээр гомдолтой байна. Энэ хүнд анхны тусламж үзүүлэн ядаж өвчин намдаах тариа хийсэн бол амьд үлдэх байсан. Хүнийг тарчилж өвдөж байхад нь тоолгүй байсаар иргэнийхээ амийг нь зольдог ийм улс байдаг юм уу? Энэ асуудлыг хэн хариуцах юм бэ? Ковидын үеийг далимдуулж бүх зүйлийг хаацайлж байна” хэмээн мэдээллээ.