Коронавирусийн халдвар дэлхий даяар тархаж буй энэ цаг үед АНУ-ын Засгийн газар гурван их наяд долларыг эдийн засагтаа зарцуулснаар тухайн улсын эдийн засаг хүндрэлтэй нөхцөлд ороогүй. Энэ талаар АНУ-ын Конгрессийн харьяа, засгийн газрын агентлагийн санхүү хариуцсан захирал Б.Мөнхнямаас тодруулж мэдээлэл авлаа.
Тэрээр, “Өнгөрсөн 3, 4-р сард АНУ ойролцоогоор гурван их ная долларыг эдийн засагтаа шахаж оруулсан байгаа. Үүнээс 56 хувь буюу 1.9 их наяд долларыг бизнесийн салбаруудад, үлдсэн хувийг нь мужийн засаг захиргаа болон эрүүл мэндийн салбартаа зарцуулсан.
Мөн жилийн 70 мянган доллараас бага орлоготой ард иргэддээ 780 тэрбум долларыг бэлнээр өгсөн юм.
Бизнесийн байгууллагуудад жилийн 1.2-3.4 хувийн хүүтэйгээр зээлийн тусламж олгосон. Энэ нь шинээр ажлын байр бий болгох, ажлын байрыг хадгалж үлдэх зэрэг асуудлыг шийдсэн байдаг. Энэхүү зээлийг олгохдоо компаниудад ажилчдынхаа цалинг тавих, бизнесийн үйл ажиллагааны зардалдаа зарцуулах шаардлагыг тавьсан юм.
Монгол улсын хувьд 2.3 их наяд төгрөгийг Ковидын үед зарцуулж, үүнээс 86 хувийг нь нийгмийн халамжид явуулчихсан. Хоёр улсын эдийн засгийн хүрээнд гаргасан шийдвэрийн үр дүнг харьцуулаад харахад АНУ одоогоор ажлын байртай, эдийн засгийн хүндрэл үүсээгүй. Харин манай улсын иргэд ажлын байргүй мөн тарааж өгөх халамжийн мөнгө ч үгүй болчхоод байна.
Засгийн газрын бодлого улсын эдийн засагт ямар их нөлөө үзүүлдгийг харж болох нэг жишээ нь энэ юм” гэлээ.