УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар, "Монглолын Үндэсний олон нийтийн радио телевиз" /МҮОНРТ/-ийн Үндэсний зөвлөлийн гишүүн сонгон шалгаруулах үүрэг бүхий ажлын баг байгуулав.
МҮОНРТ-ийн Үндэсний зөвлөлийн гишүүнийг сонгон шалгаруулах үүрэг бүхий ажлын багийг УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэнгээр ахлуулан, бүрэлдэхүүнд УИХ-ын гишүүн Ж.Батсуурь, Ж.Ганбаатар, Ж.Мөнхбат, Л.Энх-Амгалан нар ажиллахаар байгуулахаар төсөл боловсруулжээ. Харин ажлын багийн нарийн бичгээр УИХ-ын Тамгын газрын Хууль, эрх зүйн газрын ахлах зөвлөх Б.Хатантуул ажиллахаар төсөлд заасныг УИХ-ын гишүүн С.Бямбацогт танилцуулав. Түүнчлэн ажлын багт мэргэжил, арга зүйн туслалцаа өгөх дэд ажлын багт тухай бүр шаардлагатай албан тушаалтныг дуудан оролцуулах заалт тусгасан байна.
Байнгын хорооны тогтоолын төслийн танилцуулгатай холбогдуулан УИХ-ын гишүүн Х.Нямбаатар, Ё.Баатарбилэг, Ж.Сүхбаатар нар асуулт асууж, хариулт авав. МҮОНРТ-ийн нөхцөл байдал тун хүнд байгааг Х.Нямбаатар гишүүн дурдаад, тус байгууллагын удирдлагыг салбарын онцлогийг мэддэг, телевизийн урлагийг ойлгодог, улс төрөөс ангид баг бүрэлдэхүүн байгуулах чиглэлд холбогдох хүмүүс анхаарч ажиллахыг захив. Одоо мөрдөж буй хууль, журмаар Үндэсний зөвлөлийн 15 гишүүний дөрвийг Монгол Улсын Ерөнхийлөгч, долоог УИХ, дөрвийг Засгийн газар нэр дэвшүүлэх зохицуулалттай. Цаашдаа холбогдох хууль тогтоомжид өөрчлөлт оруулах замаар МҮОНРТ-ийн Үндэсний зөвлөлийн гишүүнийг хараат бусаар, нээлттэй сонгон шалгаруулдаг болох өөрчлөлтийг оруулах нь зүйтэй гэдэг байр суурийг тэрбээр илэрхийлэв.
МҮОНРТ-ийн удирдлага болон Үндэсний зөвлөлийн ажилд тодорхой шалгуур тавьдаг, уг асуудлыг томилгоо болон сонгон шалгаруулалтын үеэр хянадаг байх шаардлагын талаар Ё.Баатарбилэг гишүүн байр сууриа илэрхийллээ.
МҮОНРТ-ийн төлөөлөлтэй хоёр ч удаа уулзаж, үүсээд буй нөхцөл байдлын талаар мэдээлэл авч, саналыг сонссон гэдгээ Байнгын хорооны дарга хэлэв. Тус байгууллагад үүсээд буй асуудлын гол нь цалин, урамшуулалтай холбоотой бөгөөд Засгийн газар ойрын хугацаанд шийдвэр гарган, нөөц хөрөнгөөсөө нэг тэрбум орчим төгрөг гаргаж шаардлагатай санхүүг шийдвэрлэвэл бусад асуудлыг сонгон шалгаруулалтай холбоотойгоор шийдэх боломжтой гэдгийг Л.Энх-Амгалан гишүүн хэллээ. Тухайлбал, Yндэсний зөвлөл нь МҮОНРТ-ийн Ерөнхий захиралд нэр дэвшүүлэх, томилох журмыг батлах, хуульд заасан журмын дагуу Ерөнхий захирлыг томилох, чөлөөлөх, түүнтэй гэрээ байгуулах бүрэн эрхийг хэрэгжүүлдэг. Олон нийтийн радио, телевизийн Ерөнхий захиралд нэр дэвших материал хүлээн авах хугацаа үргэлжилж байгаа, шинэ удирдлагыг томилох ажлыг шинээр бүрэлдэх Үндэсний зөвлөл гүйцэтгэх нь зүйтэй гэдэг саналыг тус байгууллагын төлөөлөл илэрхийлсэн байна.
Ийнхүү гишүүд асуулт асууж, холбогдох хариулт, мэдээллийг авсны дараа санал хураахад хуралдаанд оролцсон гишүүдийн олонх “Ажлын баг байгуулах тухай” Байнгын хорооны тогтоолыг батлахыг дэмжив.