Нягталсан: Ц.Тамир
Эх сурвалж: Factcheck.mn
updatemn.com сайтад "ЭМҮҮЖИН: Ковидоор нэг өвчилсөн бол 8-10 жил л наслах боломжтой" хэмээх гарчиг бүхий мэдээлэл нийтлэгджээ. Энэхүү мэдээлэл нь сэтгүүлч, яруу найрагч Р.Эмүүжингийн фэйсбүүк хуудастаа оруулсан мэдээллийг тэр чигээр нь хуулан оруулсан.
Бид энэ мэдээллийг нягтлахад Ковидоор өвчилсөн бол 8-10 жил л наслах боломжтой гэдэг нь нотлогдсонгүй.
Монголд дахь ЮНИСЕФ-ийн Эрүүл мэндийн ахлах зөвлөх, доктор Б.Цогтбаатар "Аливаа өвчний олон жилийн үр нөлөөг судлах буюу COHORT судалгаа хийж тогтоодог. Ковид цар тахал бүртгэгдээд жил ч болоогүй байхад 8-10 жил л наслах боломжтой гэх мэт хэлэх боломжгүй" хэмээн дээрх мэдээллийг үгүйсгэсэн юм.
Харин уг нотлогдоогүй мэдээллийг яруу найрагч Р.Эмүүжин, 11 дүгээр сарын 29-ний оройн 20:24 цагт оруулсан бөгөөд асуудал болсон "Ковидоор нэг өвчилсөн бол 8-10 жил л наслах боломжтой" хэмээх хэсгийг тэрээр 21:48 цагт эх бичвэрээсээ авч устган засвар оруулжээ.
Харамсалтай нь updatemn.com сайт тэрхүү засварыг хийхээс өмнө нийтэлсэн тул ийнхүү одоо болтол олон нийтэд нотлогдоогүй ташаа мэдээллийг түгээсээр байна.
Нягталсан: Ц.Тамир