Засгийн газрын өнөөдрийн ээлжит хуралдаанаар гаргасан шийдвэрийг Шадар сайд Я.Содбаатар өнөөдөр нийтэд танилцууллаа.
Тэрээр, “Вакины асуудлаар Сангийн сайд Ч.Хүрэлбаатараар ахлуулсан ажлын баг ажиллаж байгаа. ДЭМБ-аас албан ёсоор бүртгэсэн вакцин байхгүй ч Модерна, Файзер, Спутник зэрэг 10 вакцины туршилт амжилттай байгаа. Цаашдаа ДЭМБ-д бүртгүүлэх асуудал яригдаж эхэсэн. Тиймээс Монгол Улс вакциныг хамгийн түрүүнд авах орнуудын тоонд орохоор идэвхтэй ажиллаж байна. Монгол Улсын Дархлаажуулалтын тухай хуулиар вакцин хийлгэх эсэх нь тухайн хүний сайн дурын асуудал. Бид вакцин авахаар хөрш орнууд болон ДЭМБ-ын Ковакс хөтөлбөр зэрэг 6 чиглэлээр ажиллаж байгаа. Дээр дурдсан вакцинуудын аль нь ч хүүхдэд хийдэггүй. Тиймээс Монгол Улсын 1.3 сая хүүхэд вакцин хийлгэхгүй гэсэн үг. Цаана нь Монгол Улсын 2 сая хүн үлдэнэ. Үүнийнхээ 20 хувьд хийх вакциныг ДЭМБ-ын Ковакс хөтөлбөрийн хүрээнд шийднэ. Коваксын хувьд бол бид эхний гурван орны нэг болсон.
Үлдэж байгаа хүмүүсийг вакцинд худалдан авах асуудлыг үйлдвэрлэгчидтэй цахимаар хуралдах, гэрээ хэлцэл хийнэ. “AstraZeneca” буюу Оксфордын вакциныг авах эхний 30 орны жагсаалтад бид орж байгаа. Энэ талаар Засгийн газар өнгөрсөн долоо хоногийн ээлжит хурлаар тодорхой мэдээлэл авсан" гэв.