Улсын онцгой комиссын шийдвэрээр бүх нийтийн хатуу хөл хориог дахин 10 хоногоор сунгаж зарим аж ахуй нэгж байгууллагуудын үйл ажиллагааг нээхээр болсон.
Дээрх шийдвэрийн дагуу үйл ажиллагаа нь нээгдэж байгаа аж ахуйн нэгж, байгууллага болон алба хаагчийн тээврийн хэрэгсэлд QR код олгох зааврыг баталжээ. Тиймээс ААН-үүд харьяа дүүргийнхээ онцгой комиссын Шуурхай штабд хандаж QR авах байгууллага болон албан хаагчийн тээврийн хэрэгслийн жагсаалт гаргах бөгөөд дүүргийн Онцгой комисс судалж гаргасан жагсаалтаа Нийслэлийн Онцгой комисст хүргүүлэх юм байна.
Тээврийн хэрэгслийн жагсаалтад байгууллагын регистр, нэр, тээврийн хэрэгслийн улсын дугаар, эзэмшигчийн нэр буюу албан хаагчийн регистрийн дугаар бүхий мэдээллийг багтаасан байна.
Харин дүүргүүдийн онцгой комиссоос олгосон байгууллагын албан хаагчийн тээврийн хэрэгсэлд 07:00-10:00, 17:00-20:00 цагийн хооронд замын хөдөлгөөнд оролцох хязгаартайгаар QR код олгох юм. Байгууллага, албан хаагч системд бүртгэгдэж, олгосон QR кодыг www.smartcar.mn цахим хуудасны covid-19 зөвшөөрөл хэсэгт хандаж авна.
Дүүрэг болон Нийслэлийн Онцгой комисс нь ирсэн хүсэлтийг судалж, тухайн байгууллагын нэр дээр бүртгэлгүй, нийгмийн даатгалын шимтгэл төлдөггүй албан хаагчийн тээврийн хэрэгсэлд QR код олгохоос татгалзах юм.
Аж ахуйн нэгж, байгууллага, иргэн QR кодтой холбоотой санал хүсэлтээ 1800-1200 утсаар өгөх боломжтой.