Сүүлийн жилүүдэд гадаад дотоодын жуулчид, аялагчид олноор очих болсон Дундговийн Цагаан суварга орчмын унаган байгаль эко системийг яаралтай хамгаалалтад авах талаар аймаг, сум орон нутгийн холбогдох албаныхан анхаарлаа хандуулж байгаа.
Байгаль орчны мэргэжлийн хүмүүс Цагаан суваргын үзэсгэлэнт газрыг Монголд төдийгүй төв азийн бүс нутагт ховорд тооцогдох тогтоц тул нэн яаралтай Улсын тусгай хамгаалалтад авах, аялал жуулчлалыг эхнээс нь зүй зохистой хөгжүүлэх талаар тодорхой саналууд тавьж байгаа билээ. Тухайлбал дээр нь машин гарахыг зогсоож машин, явган хүн очих бүсийг тогтоох, үзэгчдийн аюулгүй байдлыг хангах анхааруулга хйих, механикаар хөрс, ургамал, шаварлаг тогтцын элэгдэл үүсгэхгүй байх талаар арга хэмжээ авах зэрэг тодорхой арга хэмжээ авахыг санал болгоод байгаа билээ.
Цагаан суваргын байгаль хамгаалалтын талаар 2019 оноос эхлэн аймгийн Байгаль орчин аялал жуулчлалын газар, Өлзийт сум, “Дэл уулын гайхамшиг” ТББ зэрэг байгууллагууд хамтран тодорхой ажил хийхээр төлөвлөн ажиллаж байна. Энэ жил Өлзийт сумын байгаль хамгаалах сангийн хөрөнгөөр Цагаан суварга дээр Хамгаалалтын ажилтны байр барьж, хэт замбараагүй байсан олон замыг цэгцлэн хаалт замын хаалтын шон босгож зохих тэмдэглэгээнүүд хийв. Өнгөрсөн жил аймгийн Байгаль орчин аялал жуулчлалын газрын хөрөнгөөр нойл, сурталчилгааны самбар зэргийг хийлээ.
Цаашид тохижилтын энэ ажил үргэлжилж аялагчдын отог байгуулах, аюулгүй байдлын болон мэдээллийн самбар байршуулах зэрэг ажлууд хийгдэх юм.
Мөн 2020 онд Цагаан суварга, Дэл уулын түүх соёлын газрын хамтаар Улсын тусгай хамгаалалтад авагдах, Дэл уулыг кадастрын улсын бүртгэлд оруулахаар ажиллаж байгаа болно.
Байгаль хамгаалагч: Б.Бадрах