БОАЖЯ-наас Монголын банкны холбоотой хамтран ногоон зээлийн үйлчилгээг нэвтрүүлж, дулаалга болон халаалтын асуудал, нүхэн жорлон, зуухаа шинэчлэх хүсэлтэй иргэдэд зориулж 40 хүртэлх сая төгрөгийн зээлийг жилийн 9 хувийн хүүтэй олгож эхэлсэн. Мөн ариун цэврийн байгууламж болон дулааны асуудлаа ногоон технологи ашиглан шийдэх хүсэлтэй аялал жуулчлалын үйл ажиллагаа эрхэлж буй аж ахуйн нэгжүүд ч жилд 200 хүртэлх сая төгрөгийн зээлийг 9 хувийн хүүтэйгээр Төрийн, ХААН, ХАС банкнаас авах боломжтой болоод байгаа билээ.
Энэхүү үйл явдалтай холбогдуулан банкуудын ногоон зээлийн үйлчилгээ идэвхжиж, энэ оны эхний байдлаар нийт 100 орчим иргэн, ААН 700 орчим сая төгрөгийн ногоон зээлийг дээрх банкиудаас авсан байна.
Олон улсын байгууллагууд байгальд ээлтэй техник, тенологийг амьдралд нэвтрүүлэх үйл ажиллагааг санхүүжүүлж буй банкуудад илүү боломж олгож, хөнгөлөлт эдлүүлж эхэлсэн. Тиймээс Монгол Улсад ногоон зээлийн үйлчилгээг бий болгоход хамгийн их дэмжлэг үзүүлж, иргэд болон ААН-үүд банкуудад хөнгөлөлттэй зээл авах боломж олгож буй БОАЖЯ-ны хамт олонд Монголын банкуудын холбооноос талархал илэрхийлж, БОАЖ-ын сайд Н.Цэрэнбаттай уулзлаа.
Монголын банкны холбооны ерөнхийлөгч М.Болд “Монголын банкны холбоо түүний гишүүн банкууд нь 2013 оноос Монгол Улсын тогтвортой санхүүгийн хөтөлбөр (ТоС Хөтөлбөр)-ийг санаачилсныг Байгаль орчин, аялал жуулчлалын яам тасралтгүй бодлогоор дэмжсээр ирсэн. Монгол Улсад Үндэсний ногоон санхүүгийн тогтолцоо бий болгох ажлыг эхлүүлж, ногоон зээлийг санаачлан, хүүгийн хөнгөлөлтийг санхүүжүүлж, төр, хувийн хэвшлийн түншлэлийг шинэ шатанд гарган, тууштай хамтран ажиллаж байгаа явдалд Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Цэрэнбат танд болон танай хамт олонд МБХ, ТоС Холбоо, гишүүн байгууллагуудын нэрийн өмнөөс гүн талархал илэрхийлж байна” хэмээсэн юм.
БОАЖ-ын сайд Н.Цэрэнбат хэлсэн үгэндээ “Монгол Улс байгаль орчинд ээлтэйгээр эдийн засгаа хэрхэн хөгжүүлж болдгийн жишээ болно гэдэгт итгэж байна. Цар тахлаас үүдэлтэйгээр санхүүгийн нөхцөл байдал хүндэрсэн ч энэ оны эхний байдлаар 100 гаруй иргэн, ААН-д 700 орчим сая төгрөгийн ногоон зээл олгосон гэсэн тооцоо гарсан байна. Агаар, орчны бохирдлыг бууруулахад иргэдийн оролцоог нэмэгдүүлэх чиглэлээр олгож буй энэхүү ногоон зээлийг үйлчилгээг цаашид үргэлжлүүлж, Монголбанктай хамтран шалгуур үзүүлэлтийг бууруулах чиглэлээрх яриа хэлэлцээрийг хийж байгааг дуулгахад таатай байна. Нүхэн жорлон, зуухаа шинэчлэх, гэр байшингаа дулаалах, цэвэр бохирын асуудлаа сайжруулах, халаалтаа шинэ технологи ашиглан шийдэх хүсэлтэй иргэн бүрт энэхүү ногоон зээлийг хүргэж ажиллаарай гэж банкуудаасаа хүсэж байна. Та бүхний цаашдын ажилд амжилт хүсье” гэлээ.