Дэлгэрэнгүйг видео ярилцлагаас хүлээн авч үзнэ үү
Манай энэ удаагийн “ТЭР” дугаарт “JKhulan” брендийг үүсгэн байгуулагч Т.Хулан оролцлоо.
15 настайгаасаа төрөл бүрийн ажил хийж хөдөлмөрийн үнэ цэнийг мэдэрсэн тэрээр, “хүн ажил хийж хүмүүстэй харьцаж сурч байж л тэвчээр суун хүсэл мөрөөдлийнхөө зүг шантрахгүй зүтгэж чаддаг” хэмээн ярьсан юм.
Хүний амьдрал тааварлашгүй. Хүсэл нь хясал болж утга учиргүй санагдах үе амьдралд бишгүй тохиолддог. Гэвч аливааг хийж бүтээх хүсэл эрмэлзэл байхад, утга учиргүй санагдсан бүхнээс өөрийгөө олох шиг амттай зүйл үгүй. Түүний хувьд загвар өмсөгч болох хүсэл нь талаар өнгөрч, урам хугарах үе байсан ч уйгагүй хөдөлмөрч байдлынхаа үр шимээр өөртөө нуугдсан нэгэн авьяасаа нээн гаргажээ. Энэ нь мөн л загварын ертөнцтэй холбоотой юм. Тэрээр өдгөө өөрийн “JKhulan” брендийг үүсгэн, 11 төрлийн гутлын загвараа АНУ, Япон зэрэг 27 улсад экспортлох эрхийг авчээ.
Загвар зохион бүтээгч Т.Хулан энэ талаар ярихдаа, “Хүн хийх дуртай зүйлээ ажил болгоод амьдарна гэдэг үгээр хэлэхийн аргагүй сайхан. Миний хувьд гутлынхаа дизайныг гаргахдаа хаанаас ч мэдэрдэггүй тийм их аз жаргалыг мэдэрдэг. Аливаа ажлыг эхлүүлэхэд тууштай, хүлээцтэй байдал тун чухал. Надад уйлаад зурж суух үе ч байсан. Гэвч хүссэн зүйлээ хийж байхад ямар ч зовлон зүдгүүрийг даваад гарчихдаг юм билээ.
Хүүхдүүдтэйгээ гадаадад амьдарч байх хугацаанд надад их хүндхэн асуудал тулгарсан юм. Бие минь өвдөж, хөхний хорт хавдартай байх магадлал 99 хувь гэх онош гарсан. Хүний нутагт ийм мэдээ сонсох үнэхээр л хэцүү санагдаж байлаа. Хүүхдүүдээ харж инээчхээд, буруу харж уйлаад л. Гэсэн ч хагалгаанд орохынхоо өмнөх өдөр хүртэл би загвараа зураад л сууж байсан. Дуртай зүйлээ хийнэ гэдэг ийм л байдаг шүү дээ” хэмээн хуучиллаа.
Мөн тэр, "Монгол хүний ур ухаанаар бүтээсэн дээд зэргийн чанартай брендийг дэлхийд гаргах томоохон зорилгыг урдаа тавин зүтгэж байна. Анх гуталны загвараа гаргаж байхдаа их чимэглэл хийх дуртай байсан ч яваандаа энгийн тусмаа чамин, чанар хийц сайн байх нь чухал юм гэдгийг ойлгосон. Улмаар гутлаа хаана үйлдвэрлэх талаар судалсны эцэст Малайз улсад үйлдвэрлэх шийдвэр гаргасан. Монголд гутал цүнх үйлдвэрлэлээ гэхэд ийм төвшинд үйлдвэрлэж экспортод гаргаж байгаа бренд одоогоор байхгүй" гэлээ.