ШӨХТГ-ын Улсын байцаагч нарын 9 баг өдөр бүр нийслэлийн 6 дүүрэгт өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний зохиомол хомсдол, үнийн хөөрөгдөл үүсэхээс сэргийлэн ажиллаж байна.
Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэн өдөр буюу энэ сарын 11-нд Улсын ерөнхий байцаагчийн албан шаардлагыг зах, худалдааны төв, хүнсний бүтээгдэхүүн үйлдвэрлэгч аж ахуйн нэгжүүд, эм үйлдвэрлэл эрхлэгчдэд хүргүүлжээ.
Шаардлагад өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүн болон нэг удаагийн маск, бээлий, спирт, гар ариутгагчийн зохиомол хомсдол үүсгэхгүй байх, үнийн хөөрөгдүүлж, хэрэглэгчийн эрх ашгийг зөрчихгүй байх шаардлагыг тусгасан юм.
Энэ талаар ШӨХТГ-ын Агентлагийн дарга Б.Бат-Эрдэнэ, “Улсын байцаагчдын нэгдүгээр баг 00:00 – 03:00 цаг хүртэл 22-ын товчоон дээр орон нутгаас ирж буй махны нийлүүлэлт, борлуулалтад, хоёрдугаар баг 3:30 – 07:00 цаг хүртэл 22-ын товчооноос “Хүчит шонхор” захад ирэх нийлүүлэлтэд, 3,4,5,6,7 дугаар баг өглөөний дүн мэдээтэй танилцаж, Агентлагийн даргаас өгсөн чиглэлийн дагуу бусад зах, хүнсний дэлгүүрийг хянаж байна.
Бид махны нийлүүлэлтийг хангаж байж зах зээл дээрх үнийн хөөрөгдөл зохиомол хомстлыг барина. Тиймээс Мал Эмнэлгийн Ерөнхий газрын системийг гар утасны аппликейшн болгоод махны нийлүүлэлтийг системтэйгээр хянаж ажиллах юм. Тодруулбал, тухайн мах бэлтгэгдэн гарах сумаас эхлээд аймаг руу, аймгаасаа Улаанбаатарын товчоод руу, товчооноосоо зах болон худалдааны төвүүд рүү хэчнээн хэмжээний тонн мах нийлүүлэгдэж байна гэдэг хяналтыг бүрэн хийх боломжийг бид бүрдүүлэх гэж байна” гэлээ.
Мөн тэрээр, иргэдийн гомдлыг хүлээн авч, шалгалт явуулан илэрсэн зөрчилд хуулийн хүрээнд арга хэмжээ авч, зохиомол хомстол, үнийн хөөрөгдлөөс сэргийлэн ажиллаж байна. Харин иргэд худалдан авалтдаа анхаарч гомдол санал гаргахдаа нотлох баримтын хамт хүргүүлэх нь чухал байна” гэв.
11 сарын 24-нд “Үлэмж гросерс” ХХК-ийн “Good price” дэлгүүрт хонины ястай мах 10500, үхрийн цул мах 16000 төгрөгөөр үнэ нэмж борлуулж байсан нь тогтоогдсон тул Зөрчлийн хуулийн 10.7-д заасны дагуу 20 сая төгрөгийн торгууль ногдуулжээ.
Ташрамд, өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнийн зохиомол хомстол, үнэ хөөрөгдсөн аж ахуй нэгжийн талаарх санал, гомдлоо иргэд “E-Barimt” гар утасны аппликейшн ашиглан ШӨХТГ-т илгээх боломжтой боллоо. Хаана, ямар нэртэй газарт аль хүнсний бүтээгдэхүүний үнэ нэмэгдсэнийг тэмдэглэж, зургийг нь оруулан илгээх боломжтой юм.
Түүнчлэн 115 дугаарын утас болон "Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар" гэсэн фэйсбүүк хаягаар санал гомдлоо илгээж болно.