Нийслэлийн хэмжээнд 29 тусгаарлан ажиглах байранд өнөөдөр 1366, орон нутгийн 39 тусгаарлан ажиглах байранд 894, нийт 2260 иргэн ажиглалтад байна.
УОК-ын дэргэдэх Шуурхай штабын дарга, хурандаа Б.Ууганбаяр, “Өчигдөр “Амар” зочид буудлаас гэрийн ажиглалтад 165 иргэн шилжлээ. Гэрийн нөхцөлд дэглэмийг ягштал баримтална. Төмөр замын байгууллагын ажилчдаас шинжилгээ авсантай холбогдуулаад ХӨСҮТ-өөс өгсөн чиглэлийн дагуу 95 хүнийг 4 байранд тусгаарласан. Дараа нь “Энхсаран”-гаас ХӨСҮТ рүү, ХӨСҮТ-ээс “Сод Эра”, “Боржин” тусгайлан ажиглах байранд иргэдийг шилжүүллээ. Өнөөдөр дахин шинжилгээ хийж, гэрийн ажиглалтад шилжүүлнэ.
Өчигдөр ЗТХЯ, Нийслэлийн шуурхай штаб, ЦЕГ, НОК, Эрүүл мэндийн байгууллага хамтраад Сэлэнгэ аймагт самар түүгээд гацсан 433 иргэнийг Мандал сумын өртөөнөөс авлаа. Шөнө НЭМГ-аас PCR шинжилгээ авч, өнөөдөр гэрт нь хүргэж байна. Эдгээр иргэд шинжилгээний хариу гартал гэрийн дэглэм хатуу сахиж, хөдөлгөөн үйлдэхгүй байхыг анхааруулъя” гэв.
Өнөөдрийн байдлаар нийслэлийн 118 цэгт түргэвчилсэн шинжилгээ авч байгаа. Улсын хэмжээнд тусгаарлах байранд 102, шалган нэвтрүүлэх товчоодод 549, явган эргүүлд 4327 албан хаагч үүрэг гүйцэтгэж байна. Үүнд 178 техник хэрэгсэл, авто эргүүлд 347 машин техник ашиглаж байгаа.
Оношилгоо шинжилгээ хийж буй 1012 эмнэлгийн ажилтан гээд өдөрт нийлбэр дүнгээр 7304 албан хаагч үүрэг гүйцэтгэж байна.
- Улаанбаатар хотод одоогоор 838 иргэн гэрийн ажиглалтад шилжиж, 14 хоногт халдвар хамгааллын дэглэм сахиж, хөдөлгөөн хязгаарлан гэртээ байх юм. Мэргэжлийн тусгай зөвшөөрөлтэй 34 байгууллагын 114 ариутгагч нар 57 машин техникээр 487 аж ахуйн нэгж байгууллага, цэгийн 17 357 мкв талбайг халдваргүйжүүлжээ.
- Дархан-Уул аймагт хүнсний дэлгүүр, аж ахуйн нэгж байгууллага, сургууль, үйлдвэрийн нийт 4433 мкв талбай, төмөр замын эрчим хүч, ус хангамжийн 200мкв талбайг ариутгалаа.
- Орхон аймгийн зургаан байршилд 152 иргэнийг тусгаарлан ажиглаж байна. Энэ сарын 24-ны байдлаар аймгийн хэмжээнд 23588 мкв талбайг халдваргүйжүүлсэн.
- Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын 18 объектод голомт бүхий 6036 мкв талбайг ариутган, Мал эмнэлгийн байгууллагаас 158 газрын нийтдээ нийтийн эзэмшлийн 203 611 мкв талбайг халдваргүйжүүлжээ.