Хатуу хөл хорионы дэглэмийн үед бизнесүүдийн нөхцөл байдлын талаар бид та бүхэнд цувралаар хүргэж байгаа билээ. Энэ удаа Монголын барилгын үндэсний ассоциаци ТББ-ын гүйцэтгэх захирал Л.Хулангаас барилгын салбарын нөхцөл байдлын талаар тодрууллаа.
Хатуу хөл хорионы дэглэмд шилжсэнээр барилгын салбарт ямар хүндрэл, асуудлууд тулгарч байгаа вэ?
Монгол Улс анх удаа улс орон даяар Гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжиж, хөл хориог тогтоосны улмаас барилгын салбарт үйл ажиллагаагаа явуулж буй аж ахуйн нэгж, байгууллагуудын хувьд хэрэгжүүлж буй барилга байгууламжийн төслүүдийн зарим нь барилгын суурь, зоорины ажил, техникийн давхрын цутгалт, битүүлэх, дулаан авах ажлууд бүрэн зогсоод байна.
Гадна орчны температур эрс буурч, улам их хүйтрэхээс өмнө амжиж хөрсний усыг доошлуулах, суурь, зоорины цутгалтыг хийх, уур, усны тусгаарлалт болон дулаалгыг хийж буцаан булах, техникийн давхрыг гүйцээж цутгах, дулаан авч байгаатай холбоотойгоор битүүлэх, дулаалах зэрэг нэн зайлшгүй шаардлагатай технологийн горимыг барьж хийгдэх ажлууд орхигдоод байна. Эдгээр ажлууд нь хийгдэхгүй орхигдвоос хөрсний ус дээшилж улмаар төв зам, гудамж талбай руу халиа үүсэж хөлдөх, нөгөө талаас хөрсний овойлт үүсэж хөлдөх, дулаан авч байгаа барилгуудын халаалтын горим алдагдах, энэ нь төв шугамд нөлөөлөх зэргээр одоо хийгдсэн байгаа бүх ажлууд талаар болох эрсдэлийг дагуулах, цаашилбал нэлээн их хүндрэлтэй байдлыг үүсгэхээр болоод байна. Үүнтэй уялдаад төслүүдийн технологийн горимын дагуу гүйцэтгэхэд тасралтгүй нийлүүлэлтийг хийх шаардлагатай байгаа манай гишүүн байгууллагууд болон бусад компаниудын хүсэлтүүд маш ихээр ирсээр байна.
Нэгэнт хөл хорио тогтоосон байгаа учраас үүсэж байгаа асуудлыг шийдэх ямар шийдлүүд байна вэ?
Иймд нэгэнт эхлүүлсэн, ихээхэн хэмжээний санхүүжилтийн зардал гаргаад байгаа томоохон төслүүдийн барилга угсралт, материал үйлдвэрлэлийн үйл ажиллагааг зогсоохгүйгээр халдвар хамгааллын дэглэмийг баримтлан ажлыг нь гүйцэтгүүлэх боломжоор хангуулах тухай МБҮА ТББ-ын санал, хүсэлтийг УИХ, Засгийн газар, Улсын онцгой комиссын Шуурхай штаб, Нийслэлийн онцгой комисс, БХБЯ, МҮХАҮТ болон тодорхой асуудлыг хариуцаж буй холбогдох бусад байгууллагууд руу цахимаар хүргүүлэн түргэн шуурхай шийдвэрлэж өгүүлэхээр ажиллаж байна.
Компаниуд үүссэн нөхцөл байдалтай холбоотойгоор цомхтгол хийж эхэлсэн үү?
Одоогийн байдлаар барилга, бүтээн байгуулалтын том, том төслүүдийн ажил зогссоноор олон мянган ажлын байр хумигдаж, барилгачид ажилгүй болох эрсдэл нүүрлээд байна. Монгол Улсын барилга бүтээн байгуулалтын салбарт 70-80,000 мянга гаруй ажилчид ажилладгаас 30% нь өдөр тутмын цалингаа авч амьжиргаагаа залгуулдаг, 15-20% орчим нь 7-14 хоногийн л хоол, хүнс болон автобусны мөнгө төгрөгтэй байдаг бөгөөд эдгээр иргэдийн амьжиргааны асуудал нь нэн эмзэг хүнд байдалд ороод байна.
Засгийн газар хөл хорио тогтоосон цар тахлын үед тэтгэврийн болон нийгмийн халамжийн бүлгийн хүмүүст тэтгэмж, туслалцаа, дэмжлэг үзүүлэх талаар л яриад байна. Тэгвэл нийгмийн гол хөдөлгүүр, гардан гүйцэтгэгч, улсын татварыг бүрдүүлэгч хувийн хэвшлийн байгууллагууд нь бүтээн байгуулалтын буюу макро эдийн засгийн 80 хувийг бүрдүүлдэг (улсын төсвийн дийлэнхийг бүрдүүлэгч) бөгөөд тус хувийн хэвшлийн байгууллагуудын ажилтнууд нь цалингаасаа сар бүр 34%-ийн НДШ, ХАОАТ-ыг улсад төлдөг. Ингэхэд энэ цар тахлын үед эдгээр хувийн хэвшлийн байгууллагуудын ажилтнууд нь төрийн халамжийн гадна үлдээд байгаа байдал нь юуны тулд бид төр засагт олон төрлийн татварыг төлдөг юм бэ гэх асуудлыг үүсгэж байна. Тиймээс төр засаг энэ хөл хорио тогтоосон хүнд үед ААНБ-уудын үйл ажиллагааг дэмжиж зогсоод байгаа ААНБ-уудын ажилчдын цалингийн 50%-ийн нөхөн олговрыг нэн яаралтай олгох хэрэгтэй байна. Ингэснээр ААНБ-ууд нь ажилтнуудынхаа ажлын байрыг хадгалж үлдэх, цаашилбал эдийн засаг сэргээд ирэх үед тогтвортой үйл ажиллагаагаа явуулах боломжоор хангагдахаар байна. Энэ нь төр засгаас гаргах хамгийн зөв оновчтой ХҮН төвтэй, хүнээ дээдэлсэн шийдвэр гэж үзэж байна.
Төрөөс бизнесүүдийг яаж дэмжээсэй гэж хүсэж байна вэ?
Хэдийгээр Монгол Улсын эдийн засаг, санхүүгийн боломж бага байгаа хэдий ч төр засгийг манай барилгын салбарын ААНБ-уудад үүсээд байгаа хүндрэл, бэрхшээлийг даван туулахтай холбогдсон дараах арга хэмжээнүүдийг нэн яаралтай авч хэрэгжүүлээсэй гэж бид хүсэж байна. Үүнд:
- Төсөвт дахин тодотгол хийж шаардлагагүй хөрөнгө оруулалтыг царцааж, ажлын байр хадгалсан ААНБ-уудын ажилчдын цалингийн 50%-ийг төрөөс нөхөн олговор болгон олгох болон урсгал зардалд шаардлагатай хямд эх үүсвэрийн дэмжлэгийг үзүүлэх,
- Санхүүгийн болон татварын аливаа үүрэг хариуцлага, төлөлтийг хойшлуулах бус, харин тэглэх үүний тулд төсөвт яаралтай тодотгол хийх /Татварын алба нь энэ оны 9, 10 дугаар саруудад маш олон компанийн дансыг хаасан, зарим нь бүүр зээл авч байж хүртэл татвараа төлсөн байгаа/,
- Зээлийн хүүг хойшлуулах бус зогсоох /Ингэхийн тулд хадгаламжийн хүүд түр хугацааны хуулиар зохицуулалтыг УИХ-аар батлуулан гаргуулах/,
- Төрөөс зарласан тендерийн ажлын НӨАТ-ыг 100% буцаах,
- Ипотекийн зээлд бодит эх үүсвэрүүдийг нэмж шийдэх, түүнчлэн зээлд хамрагдах иргэдийн дийлэнх нь цар тахлын үеэр цалингүй, сул зогсолттой статусаар бүртгэгдсэн байгаа тул зээлд хамрагдахад хүндрэл үүсэж байгааг төрөөс шийдвэр гаргаж ажилласан жил, байдал зэргийг харгалзан банкны зээлд хамруулах нөхцөлөөр хангаж өгөх,
- Цар тахлаас үүсэлтэй ААНБ-уудад гарч буй хохирлыг төрөөс хэрхэн нөхөн олгох буюу нөхөн олговор олгох хуулийг боловсруулж гаргах,
- Төр гүйцэтгэгч нараас барьцаанд авсан гүйцэтгэлийн болон баталгаат хугацааны баталгааг цуцалж мөнгийг нь гүйцэтгэгч нарт олгох /Бид өөрсийн өгсөн мөнгийг авч цалин хөлсөө тавья гэж байгаа. Эргэлтэд орохгүй банканд байгаа өөрийн хөрөнгийг чөлөөлүүлж эргэлтэд оруулбал санхүүжилтийн дутагдалтай байгаа өнөө үед маш их хэрэгцээтэй байна/,
- Улсын төсвийн болон орон нутгийн төсвийн хөрөнгө, ТӨҮГ-ын өөрийн санхүүжилтээр хэрэгжиж байгаа төсөл хөтөлбөрүүдийн барилга угсралтын ажил нь бүрэн хийгдэж дууссан төсөл хөтөлбөр, гэрээний банканд байршуулсан мөнгөн болон үл хөдлөх хөрөнгийг суллаж гүйцэтгэгч нарыг эргэлтийн хөрөнгөтэй болгох,
- НӨАТ-ын буцаалт авах ёстой байгууллагуудад НӨАТ-ын буцаалтыг хоорондын тооцоогоор биш мөнгөн хэлбэрээр олгож, НӨАТ-ыг 2-5% болгох,
- Хилийн гадна гацсан хүлээгдэж буй барилгын материалын ачаа тээвэрлэлтийг зохицуулан тохирох арга хэмжээг авах,
- БХБЯ-аас салбарын хөгжлийг Ковид-19-ийн орчинд хэрхэн унагалгүйгээр ажиллуулах боломжуудыг томьёолсон, цаг үеийн байдалтай уялдсан бодлого зохицуулалтыг хийх,
- Хөдөлмөр зохион байгуулалт, ажил гүйцэтгэх аргачлал зэрэгт халдвар хамгааллын дэглэмтэй холбоотой ажлуудыг нэмж оруулан мөрдүүлэх зэрэг байна.
Бид дээрх арга хэмжээнүүдийг авч чадвал барилгын салбарын болон түүнийг дагасан олон зуун бизнесийг аврах замаар 100 мянга хол давсан ажлын байруудыг хамгаалж үлдэх боломжтой гэж харагдаж байна.
Бид нэг талаас Коронавирусын аюулаас ард иргэдийнхээ эрүүл мэндийг хамгаалах, нөгөө талаас эдийн засаг, ажлын байраа уг вирусээс үүдсэн сөрөг үр дагавар, нөлөөллөөс хамгаалах гэсэн 2 замаар ажиллах зайлшгүй нөхцөл байдал, шаардлагатай тулгараад байна.