Монгол улс коронавирусийг дотооддоо алдсантай холбогдуулан НОК болон УОК-оос арга хэмжээ авч шийдвэрүүдийг гаргасан. Үүний нэг нь хүнсний түгээлтийн ажлыг шөнийн цагаар /22.00-06.00/ хийх юм. Энэ шийдвэрийг хүнсний үйлдвэр, дэлгүүрийн ажилчид нүдээ олоогүй үр дүнгүй ажил хэмээн үзэж цуцлахыг шаардаж байна.
Энэ талаар “Арви” анхдагч үнийн дэлгүүрийн захирал Б.Ойдов, “Миний хувьд энэ шийдвэрийг цар тахлыг барих хүрээнд, түгжрэлийг бууруулах зорилгоор гаргасан гэж ойлгож байгаа. Гэвч энэ нь ямар ч үр дүнгүй шийдвэр болж дэлгүүрийн болон түгээлтийн ажилчдад хүндрэл учруулаад байна.
Коронавирусийн халдвар тархаж байгаа энэ эрсдэлтэй үед иргэд аюулгүй байж дархлаагаа дэмжин халдвараас өөрийгөө сэргийлэх ёстой. Гэтэл энэ шийдвэрээс болж олон ажилчид нойргүйдэн дархлаагаа алдаж байна. Ямар ч хүн шөнө унтаж амарснаар дархлаагаа дэмждэг.
Түгээлтийн ажилтны ард үйлдвэрийн гаргалтын ажилтан, нярав, чанарын алба эрүүл ахуйн ажилтан, борлуулалтын ажилтнууд давхар ажиллаж байгаа шүү дээ. Шийдвэр гаргагчид ард иргэд, аж ахуйн нэгжээ бодсон бүх талыг харсан амьдралд нийцсэн шийдвэр гаргаасай хэмээн хүсэж байна.
Үүний оронд 10.00-17.00 цагийн хооронд түгээлтийн ажлыг хийх юм бол ийм хүндрэлтэй нөхцөл үүсэж хэсэг бүлэг иргэд эрүүл мэндээрээ хохирохгүй гэж бодож байна” гэлээ.