Дархан-Уул аймагт батлагдсан тохиолдол 13 болсныг аймгийн Онцгой комиссоос мэдээлэв.
Дархан-Уул аймгийн Засаг дарга, аймгийн Онцгой комиссын дарга Б.Азжаргал "2020 оны арваннэгдүгээр сарын 19-ний оройны байдлаар Дархан-Уул аймагт батлагдсан 13 тохиолдолтой боллоо. Шинээр хоёр тохиолдол нэмэгдсэн.
Бидний гол зорилго нь төмөр замын бүсийн ажилтан албан хаагч, тэдний ар гэрийнхнийг шинжилгээнд хамруулах юм. Энэ сарын 19-ний байдлаар төмөр замын ажилтан, албан хаагч 1,000 гаруй иргэн, ар гэрийнхнээс коронавирус илрүүлэх түргэвчилсэн шинжилгээ авлаа. Ингэхэд сул эерэг гарсан оноштой иргэдээс хоёр тохиолдол шинээр нэмэгдсэнээр, нийт 13 тохиолдол бүртгэгдлээ.
Тодруулбал, өчигдөр аймгийн онцгой комисс Хонгор суманд ажилласан. Хонгор сумын 3 дугаар баг Салхит өртөө 500 өрхийн 1,600 иргэнтэй. Энд 400 орчим иргэн төмөр замд ажилладаг. Тэднээс хоёр тохиолдол гарсан. Ойрын хавьтлуудыг тусгаарлан шинжилгээнд хамруулж байгаа.
Эрүүл мэндийн байгууллагын ажилтан албан хаагчид бүх хүчээ дайчлан Салхит өртөөнд дөрвөн бүлэг ажиллаж, өнөө шөнөдөө багтан тус өртөөний бүх иргэнийг шинжилгээнд хамруулах ажлыг зохион байгуулж байна" гэв.
Дархан-Уул аймаг дахь төмөр замын ажилчдыг хянах тандах ажил өнөөдөр ч үргэлжлэх юм. Тус аймагт төмөр замд ажилладаг 1088 иргэн, тэдний гэр бүл 3500 орчим бий.