Орхон аймгийн удирдлагууд коронавирусийн халдварын улмаас үүссэн нөхцөл байдлын талаар мэдээлэл хийлээ.
Энэ үеэр Орхон аймгийн Засаг дарга С.Батжаргал, “Сүүлд нэмж 270 хүнээс шинжилгээ аван сорьцыг нь ХӨСҮТ рүү явуулсан. Аймгийн хэмжээнд өнөөдөр шинжилгээ авах 13 цэгийг нэмж байшуулахаар ажиллаж байна.
Коронавирусээр халдварласан иргэдийн ойрын болон дам хавьтлуудыг тогтоож, шинжилгээ авч, тусгаарлах ажил үргэлжилж байна. ЭМЯ-наас 15 мянган оношлуур авсан. Хүнс хангалтыг 198 машинаар 320 цэгт хүргэлт хийж байна. Иргэд сонор сэрэмжтэй, тайван байж, гэрээсээ гарахгүй байхыг хүсье" гэв.
Харин Орхон аймгийн Онцгой байдлын газрын дарга, хурандаа Г.Ганбаатар "Тэг зогсолт гэдэг нь тухайн хүн хөдөлгөөнөө хорих тухай ойлголт. Иргэдийн ихэнх хөдөлгөөн хүнсний дэлгүүр, аптек явж байна гэж хэлчихээд өөр тийшээ явах байдал ажиглагдаж байна. Энэ батлагдсан 13 хүний ихэнх нь төмөр замын ойр ажиллаж амьдардаг нь тодорхой болсон.
Дархан-Уул аймагт батлагдсан тохиолдлын ойрын хавьтал болсон Орхон аймгийн 57, дам хавьтал болох 158 иргэнийг тандаж, холбогдох ажлыг хийж байгаа. Өнөөдрөөс илэрч байгаа тодорхой бүлэг хэсгийн хавьтлууд руу анхаарлаа хандуулна. Яагаад гэвэл батлагдсан 13 тохиолдлын дөрөв нь хүүхэд. Эдгээр хүүхдүүдийн сургуулийн багш, сурагчдыг тогтоохоор ажиллаж байна.
"Эрдэнэт үйлдвэр"-т ажиллаж байгаа ажилтан сэжигтэй тохиолдолтой хавьтсан гэх мэдээлэл бий. Тухайн иргэнийг гэрийн тусгаарлалтад аван ажиглаж байгаа" гэв.