УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар, коронавируст халдвараас урьдчилан сэргийлэх чиглэлд УОК-оос авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаарх Монгол Улсын Шадар сайдын мэдээллийг хэлэлцэж байна.
Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан, “Вакцин худалдаж авах асуудлаар Дэлхийн банкнаас 50.7 сая ам.долларыг хүлээж суухын оронд ЭМДС-гийн мөнгийг зарцуулах хэрэгтэй. ЭМДС-нд чөлөөтэй 500 тэрбум орчим төгрөг байгаа учраас, дотоодоос вакцинаа худалдан авах бололцоо бидэнд бий. Мөн эрсдэлтэй бүлэг, хүнсний талон авч байгаа 240 мянга, тэтгэвэр авч байгаа 360 мянган иргэнд маск тараах хэрэгтэй. Түүнээс гадна өдрийн орлогоор амьдардаг 150-180 мянган хүний асуудалд тусгайлсан хөтөлбөр хэрэгжүүлэх шаардлагатай, тайван цагийн биш цар тахлын үеийн төсөв, мөнгөний бодлого барих хэрэгтэй” гэж байлаа.
Харин Сангийн сайд Ч.Хүрэлбаатар, "Дэлхийн банкнаас вакцины санхүүжилт хүссэн нь мөнгөндөө гол асуудал биш. Дэлхийн ядуу буурай орнуудад вакцин түрүүлж авах боломжийг хангах цорын ганц хөтөлбөр бол КОВАКС юм. Үүнийг хэд хэдэн байгууллага санаачлан байгуулсны нэг нь Дэлхийн банк. Вакцины төлбөрөө хэн нь түрүүлж төлсөн нь вакцинаа эхэлж авна. Тиймээс Дэлхийн банканд хандаж вакцин авах арга замыг дөтлөх зорилгоор хүсэлт тавьсан. Вакциныг нийт хүн амынхаа 60 хувьд хангах төлөвлөгөө гаргасан. Эхний ээлжинд 20 хувьд буюу эрүүл мэндийн салбар, цар тахалтай нүүр тулан ажиллаж байгаа хүмүүсийг хамруулна. Үүнд нэг хүнд хоёр тун буюу 4 ам.доллар зарцуулна. Дараагийн ээлжинд нэг хүнд 10 ам.доллар зарцуулна. Вакцин шинээр гарч олон үе шатыг алгасаж байгаа тул бид хүүхдүүдийг хамруулахгүй гэсэн бодлого барина. Мөнгөндөө асуудал биш, богино хугацаанд вакцинд хамрагдах нь чухал" гэлээ.
Мөн тэрээр Засгийн газраас гадаадад суугаа бүх элчин сайдуудтай ярилцаж, хоёр хоёр талын харилцаа хамтын ажиллагааны хүрээнд вакциныг түргэн шуурхай, богино хугацаанд худалдан авах үүрэг чиглэл өгсөн хэмээн онцоллоо.