Гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэн энэ өдрүүдэд Дархан-Уул аймгийн хэмжээнд 96 цагийн тэг зогсолт хийж байна. Тиймээс тэг зогсолтын хоёр дахь өдрөөс эхлэн дөрвөн төрлийн хүргэлтийн үйлчилгээг төрийн байгууллагын оролцоотойгоор түгээлээ.
Тодруулбал хүнс, тэжээл, түлээ, нүүрс, ус түгээх, эм хангалтын гэсэн 4 үйлчилгээг энэ сарын 18-ны өглөөний 10.00 цагаас эхлэн хүргэж эхэлсэн. Оройн 21.00 цагийн байдлаар захиалга өгсөн иргэдийн түлээ, нүүрс, эм хангамж, ус түгээлтийн ажлууд 100 хувь эзэддээ хүрч чадсан байна.
Харин хүнсний тухайд 5100 захиалгын 40 гаруй хувийг хүргэжээ. Үлдсэн 60 орчим хувийг 11 дүгээр сарын 19-ний өглөөний 07.00-12.00 цагийн хооронд түгээхээр болсон байна.
Иргэд http://huns.smartdarkhan.com/ цахим хаягт хүнсний дэлгүүрээс авах захиалга өгч баталгаажуулах бөгөөд харьяа багийн хүргэлт хийх дэлгүүр нь ямар нэр төрлийн бүтээгдэхүүн авахыг утсаар тодруулж хүргэлт хийх юм. Тиймээс иргэд хүргэлт хийж буй дэлгүүрүүдэд хүндрэл учруулахгүй, утасдахгүй байхыг аймгийн онцгой комиссоос анхаарууллаа.
Дархан сум 23 мянган өрх айлтай. Эдгээр өрхөд хүргэлт хийнэ гэдэг амаргүй. Тиймээс маргаашнаас дэлгүүрийн тоог нэмэгдүүлэхээр ажиллаж байгаа юм.
4 төрлийн түгээлтэд явж буй хүргэгч, хүргэлтийн жолооч, хүнсний нярав, худалдагч зэрэг хүмүүс "Ковид-19"-ийн шинжилгээнд хамрагдаж, хүргэлтийн машиныг ариутгасны эцэст Онцгой комисоос зөвшөөрөл олгож түгээлтэд явж байна.