Монгол Улсад коронавирус цар тахлын багц тохиолдол бүртгэгдсэнтэй холбоотойгоор олон нийтийг үнэн зөв мэдээллээр цаг алдалгүй хангах нь чухал болоод байна.
Тиймээс Facebook компани хуурамч мэдээллийн тархалтыг бууруулах, олон нийтийг цаг алдалгүй үнэн, зөв, баталгаажсан мэдээллээр хангах зорилгоор “Монгол Улсын Засгийн газар”, “Эрүүл мэндийн яам”, “Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газар”, “Харилцаа холбооны зохицуулах хороо” зэрэг байгууллагын албан ёсны Facebook хуудас дахь мэдээллийн түгээлтийг дэмжиж ажиллахаар боллоо.
Энэ хүрээнд,
- “Эрүүл мэндийн яам”-ны албан ёсны Facebook хуудасны зар сурталчилгаа, мэдээллийн хүртээмжийг дэмжих
- КОВИД-той холбогдолтой аливаа хуурамч мэдээллийг таслан зогсоох, албан ёсны баталгаат эх сурвалжийн мэдээллийн түгээлтийг идэвхжүүлэх
- “Харилцаа холбооны зохицуулах хороо”-н дээр хэрэгжүүлж байгаа “Ногоон суваг”-ийн үйл ажиллагааг коронавирустэй холбоотой агуулга руу чиглүүлж, олон нийтийн эрүүл мэнд, аюулгүй байдалд хор хохирол учруулах хуурамч мэдээлэлд төвлөрч ажиллахад дэмжлэг үзүүлэх
- Дэлхийн Эрүүл Мэндийн байгууллагаас гаргасан нийгмийн эрүүл мэндийн зөвлөмж бүхий (тухайлбал, маск зүүх, гар угаах, гэртээ байх зэрэг) “сануулга”-ыг Монголын Facebook хэрэглэгчдийн newsfeed (мэдээллийн суваг)-ийн хамгийн эхэнд гаргах
- Mongolian Fact-checking Center зэрэг дотоодын ТББ-тай хамтран коронавирустэй холбоотой хуурамч мэдээлэл, түүнтэй холбоотой асуудлуудыг шийдвэрлэхэд дэмжлэг үзүүлэх, мөн тус ТББ-ын албан ёсны цахим хуудасны мэдээллийг хүртээмжтэйгээр олон нийтэд түгээх зэрэг ажлыг хийхээр төлөвлөж байна.
Монголд коронавирус цар тахлын багц тохиолдол бүртгэгдсэн энэ үед иргэн бүр мэдээлэлд шүүлтүүртэй хандаж, зөвхөн албан ёсны баталгаат эх сурвалжийн мэдээллийг дагахыг Facebook компани уриалж байна. Маскаа тогтмол зүүж, гараа угаан, гэртээ байх Дэлхийн Эрүүл Мэндийн байгууллагын анхан шатны зөвлөмжийг дагаж, мөрдөхийг уриалж байна.