Улсын онцгой комиссын шуурхай ажлын хэсгийн хуралдаанаар замын хөдөлгөөний хязгаарлалттай холбоотой гаргасан шийдвэрийн талаар танилцууллаа.
Энэ сарын 18-наас эхлэн автобус 07.00-10.00, 17.00-20.00 цагийн хооронд хөдөлгөөнд оролцоно. Явганаар явж байгаа хүмүүсийг ч цэгцэд оруулна. Бусад үед замын хөдөлгөөн зогсох юм. Мөн байгууллагын ажилчдын 10-15 хувийг ажиллуулахаар боллоо.
Нийслэлийн Засаг дарга Д. Сумъяабазар, "Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэн үед үйл ажиллагааг нарийн цагийн хуваарийн дагуу хийх ёстой. Энэ үед бид 17 мянган тээврийн хэрэгсэл замын хөдөлгөөнд оролцоно гэж тооцоолсон ч өнөөдрийн байдлаар 40-50 мянган машин хөдөлгөөнд оролцож байгаа нь өндөржүүлсэн байдлын ач холбогдолтой уялдахгүй, өндөр эрсдэлтэй байгаа тул ийнхүү хөдөлгөөнийг хумиж байна. Энэ цагийн хуваарь явганаар явж байгаа хүмүүст ч хамаатай. Бид нэг цэгцэнд орж байж нүүрлээд байгаа тахлыг давна. Дэлхий нийтийн цар тахлын үед хэрэгжүүлсэн арга хэмжээ нь тээвэр болон хүний хөдөлгөөнийг 90 хувь хүртэл хорьж байж үр дүнд хүрч байна. Олон улсад нэвтэрсэн арга барилыг хэрэгжүүлснээр тахлыг хумина. Тээврийн хэрэгслийн үйлчилгээг тас хорьж болохгүй. Иргэд төр засгийн буюу Улаанбаатар хотоос хэрэгжүүлж байгаа арга хэмжээг хэрэгжүүлэхийг уриалж байна" гэлээ.
Энэ үеэр ЦЕГ-ын дэд дарга Ж.Амгалан, “Монголчууд бид амьдралын хэвийн горимдоо буцаж орохын тулд сахилга баттай байх хэрэгтэй. Улаанбаатарын замын хөдөлгөөний нягтрал хөдөлгөөн 30 мянга орчим машинаар өнөөдрийн хувьд нэмэгдлээ. Замын уулзвар дээр цагдаагийн алба хаагчид шалгалт хийж байгаа.
Энэ байдлыг ялгахын тулд түр зогсолт хийж байна. Цаашид хөдөлгөөний нягтралыг албадлагаар сийрэгжүүлэхгүй бол болохгүй байна. Цагдаагийн алба хаагчдын тавьсан шаардлагыг иргэд зөв ойлгож, онцын шаардлагагүй бол хөдөлгөөнд оролцохгүй байхыг хүсэж байна” гэв .