Хатуу хөл хорионы улмаас зарим айл өрхөд эдийн засгийн хүнд нөхцөл үүсээд буй юм. Одоогийн байдлаар 260 мянга гаруй иргэд ажлын байргүй болж, үйлдвэрлэл үйлчилгээний байгууллагууд үйл ажиллагаагаа зогсоогоод байна.
Өрөг.мн–ий сурвалжлах баг БЗД–ийн нутаг дэвсгэрт орших бага насны дөрвөн хүүхэдтэй Цэрэнбат гэх айлын өрхийн амьжиргааны талаар сурвалжиллаа.
Ажил хөдөлмөр эрхлэх боломжгүй учраас дөрвөн хүүхдээ арай ядан тэжээж байгаа талаар иргэн Цэрэнбатын гэргий , “Одоогийн байдлаар би эрхэлсэн ажилгүй байгаа. Хүүхдийн мөнгө, хүнсний талон, цалинтай ээж зэрэг халамжийн мөнгөөр өдөр хоногийг өнгөрөөж байна. Хүүхдийн мөнгө нэмэгдэж 100 мянган төгрөг болсноос хойш амьдралд их дэмтэй болсон. Хүнсний талоноороо архи тамхинаас бусад дотоодын үйлдвэрийн бүтээгдэхүүнээ авч болдог.
Залуу хүн болохоор хүүхдүүдээ цэцэрлэг сургуульд нь өгчхөөд цаг заваараа хийх ажил хайж анкет бөглөсөн боловч эргээд залгадаггүй. Бүрэн дунд боловсролтой намайг голдог юм байлгүй дээ” хэмээн ярьсан юм.
Харин өрхийн эзэн иргэн Цэрэнбат, “Барилгын ажил хийдэг боловч энэ нь улирлын чанартай учраас зогсонги байдалд орчихсон. Хөлнийхөө бэртлээс үүдэж “групп”–т орох гэж үзсэн. Хамруулахгүй байгаа. Бэртлийн хувиар нь дүгнэж оруулдаг юм билээ. Бага бэртэлтэй гэж тооцогдоод орж чадаагүй. Ажил хийе гэхээр үений зөөлөн эдийн гэмтэлтэй, өвдгөндөө яс хугаралттай учраас өвчиндөө түүртээд хүнд зүйл өргөж чаддаггүй. Ажил хийж олсон мөнгөөрөө хөлөө эмчлүүлээд таардаг. Тийм учраас гэртээ л суугаад байна. Гэсэн ч хөл хорио тавигдахаар ямар нэг ажил олж хийнэ. Тэгэхгүй бол зөвхөн халамжаар амьдарна гэдэг их хүндрэлтэй” гэлээ.