ЭМЯ-наас өнөөдөр 11.00 цагт мэдээлэл хийснээс хойш халдвартай хүний тоо нэгээр нэмэгдэж, бүртгэгдсэн тохиолдол улсын хэмжээнд 435 болоод байна. Халдварын тохиолдол Дархан-Уул, Сэлэнгэ аймагт бүртгэгдээд байна.
Энэ талаар ЭМЯ-ны хэлтсийн дарга Д. Нарангэрэл , “Монгол Улсад халдварын батлагдсан тохиолдол 435 боллоо. Үүнээс эдгэрсэн 328, сувилалд16, гэрийн ажиглалтад 16, ажиглалт тандалтын хугацаа дууссан 310 хүн байна. ХӨСҮТ-д онош батлагдсан 101 хүн эмчлэгдэж байгаагийн 2-ынх нь биеийн байдал хүнд, 21 нь хүндэвтэр, 78 нь хөнгөн байна. ХӨСҮТ-д нийтдээ 178 хүн ажиглалт тандалт, хяналтад байна.
Дархан-Уул аймгийн өнөөдрийн тохиолдлыг анх түргэвчилсэн оношлуураар шинжилж, эерэг гарсан тул PCR шинжилгээг хийж, баталгаажуулсан. Түүний ойрын хавьтал 62 хүнийг тогтоон тандалт судалгааг хийж байна. Үүнтэй холбоотойгоор нийслэл хот, Дорноговь, Налайх, Говьсүмбэр аймгуудад тандалт судалгааг эрчимжүүлэн хийж байна. Өвчлөл Улаанбаатар, Дархан-Уул, Сэлэнгэ аймагт бүртгэгдээд байгаа" гэлээ.
Нийслэл хотын кластер багц өвчлөлтэй холбогдуулан иргэдийг 18 оношилгооны цэг болон ӨЭМТ-үүдэд коронавирусийн халдвар илрүүлэх түргэвчилсэн оношилгоонд хамруулж байна. Одоогоор 6,764 хүн түргэвчилсэн шинжилгээнд хамраагдаад байна. Сайн дурын шинжилгээ өгөхийн тулд иргэд утсаар цаг авах ёстой.
Иргэд сайн дурын шинжилгээнд хамрагдахдаа Эрүүл мэндийн яамны 18000119 дугаарт холбогдон цаг авах боломжтой. Мөн 119.mn сайтад регистрийн дугаараараа бүртгүүлэн цаг авах бөгөөд шинжилгээний хариуг энэхүү хаягаар хүлээн авах юм.