Засгийн газрын өнөөдрийн ээлжит бус хуралдаанаар Гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдалд бүх нийтээр шилжсэн буюу хөл хорионы хатуу дэглэмийн хугацааг 14 хоногоор сунгах УОК-ын саналыг дэмжиж, энэ талаарх тогтоол баталлаа.
Эрүүл мэндийн сайдын зөвлөлийн өнөөдрийн хуралдааны үеэр эрдэмтэн, судлаачид ДЭМБ-ын зөвлөмжид үндэслэн хатуу хөл хориог 14 хоногоор сунгах санал гаргажээ. Уг саналыг УОК-ын хуралдаанаар дэмжиж, Засгийн газарт хүргүүлсэн юм. Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэн хугацаа энэ сарын 17-ны 06.00 цагт дуусах байсан бол дээрх хугацааг сунгаснаар ирэх сарын 1-ний 06.00 цаг хүртэл үргэлжлэхээр болж байна.
Үүнтэй холбогдуулан салбар дундын үйл ажиллагааг уялдуулан зохицуулах, нэгдсэн удирдлага, зохион байгуулалт, зохицууулалтаар ханган ажиллах эрхийг Монгол Улсын Шадар сайд, Улсын Онцгой комиссын дарга Я.Содбаатарт олголоо. Мөн их дээд сургуулийн оюутны дотуур байранд байгаа оюутны нарийвчилсан судалгааг дахин гаргаж, оюутныг хоол хүнс, ариутгал, эрүүл мэндийн бүтээгдэхүүнээр хангах зардлыг цэцэрлэгийн хоол, ЕБС-ийн үдийн цайны зардлын хэмнэлтээс зарцуулахыг БШУ-ны сайдад зөвшөөрлөө.
Түүнчлэн, тандалт судалгааг эрчимжүүлэх, цар тахлын голомт хүрээг хязгаарлах, богино хугацаанд таслан зогсоохыг холбогдох байгууллагуудад үүрэг чиглэл болгов. Үүнээс гадна голомтийн бүсийн обьектод иж бүрэн ариутгал халдваргүйтгэлийг шуурхайлах, түүнд хянал тавих даалгавар өгчээ. Хүнсний хомсдол үүсгэхгүй байх, эмзэг дотуур байрны оюутнуудыг хүнсээр хангах, эм эмнлэгийн хэгэгслийн хангамжийг тогтвортой байлгах, гэр бүлийн хүчирхийлллээс урьчдилан сэргийлэх, хүүхэд хамгаалалд анхаарахыг холбогдох албаныханд даалгалаа.