/зураг- ярилцлага хийсэн сэтгүүлч У.Болортуяа/
Гадаадаас Монголдоо ирж, тусгаарлалтад орсон даруйдаа шинжилгээ өгөөд Ковид-19 туссанаа мэдээд Монголдоо эмчлүүлсэн иргэн О-той бид утсаар холбогдон ярилцлаа. Тэрээр "надад шинжилгээ өгөхөөс өмнө нь ямар ч шинж тэмдэг байгаагүй. Ковид-19-тэй гэдгээ мэдсэний дараа ч зовуурь байгаагүй. ХӨСҮТ-ээс нэг эм, Д, С витамин өгч байсан. Мөн хоолой, аманд ковид байдаг гэж үздэг учраас тамединаар өдөр бүр зайлж байсан. Дархлаа сайн байх ёстой гэж үздэг учраас дархлаа дэмжих витаминууд өгч байсан байх. Гурван өдөр тутамд шинжилгээ өгч байсан. Гурван удаа дараалан сөрөг хариу гарсны дараа эмнэлгээс гаргадаг юм билээ. Тэгээд нийтдээ 20 гаруй хоног хэвтэн эмчлүүлээд эмнэлгээсээ гарсан. Гараад бас өөрийгөө 14 хоног тусгаарласан. Одоо бол ямар ч зовуурь байхгүй. Бүх зүйл хэвийн" гэв.
Мөн тэрээр эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байхад сошиал руу ороход хүмүүс Ковид-19 туссан хүнтэй битгий уулз, устга гэх мэтээр юу ч мэдэхгүй маш муухай коммент постууд бичиж байсан. Тэрийг хараад их хэцүү санагдаж байсан. Тиймэрхүү зүйл хараад хямраад уйлсан ч хүмүүс бий. Уйлаад хямарвал бүр л их дархлаа нь унана. Тиймээс одоо ковид туссан байгаа хүмүүс сэтгэлийн хаттай байгаарай. Битгий хямраарай. Хэрвээ муухай пост, коммент харвал битгий тоогоорой гэж хэлмээр байна. Бас өөрсдөдөө хариуцлагатай байж, дэглэмээ сайн барьж эм витаминаа тухай бүрд нь хэрэглээрэй. Өөрийгөө сайн хамгаалах нь бусдад эрсдэл учруулахгүй гэдгийг бүрэн ухамсарлаасай гэж хүсэж байна. Бас ковид туссан хүмүүсийн нэр, зураг, РД цацаж байгааг гайхаж байна. Хүн өвчин тусна гэдэг хувь хүний нууц байдаг шүү дээ. Хувийн нууцыг нь хамгаалаачээ гэмээр байна гэлээ.