АНУ–д ажиллаж амьдарч байгаа “Оном” сангийн ТУЗ–ийн дарга, доктор Д. Наранбаатартай ярилцаж КОРОНАВИРУСЭЭС өөрийгөө болон гэр бүлээ хэрхэн хамгаалах талаар тодрууллаа.
КОРОНАВИРУС ТУСАХ МАГАДЛАЛТАЙ ЭРСДЭЛТ БҮЛЭГ
Монгол улс коронавирусийг дотооддоо алдсан нь тодорхой болсон энэ үед бид яаж өөрсдийгөө болон эрсдэлт бүлгийн хүмүүсээ аюулт вирусээс хамгаалах вэ?
Эрсдэлт бүлэгт өндөр настай, ужиг өвчтэй хүмүүс хамаарч байдаг. Ингээд бодохоор Монголчуудын дийлэнх нь үүнд багтаж байгаа юм. Мөн тамхи татдаг хүмүүс энэ вирусээр халдварлах магадлал ихсэж байдаг. Тиймээс бид Эрүүл мэндийн байгууллага, УОК–оос өгч буй зөвлөгөөг сайн сахих нь нэн чухал. Одоогийн байдлаар дархлаа сэргээж чадах зүйл нь зөвхөн вакцин л байгаа. Тиймээс дархлаа сэргээх эм бэлдмэл, витаминуудад мөнгөө зарцуулж дэмий зардал гаргах шаардлагагүй. Сайн унтаж амраад, шим тэжээлтэй ОЛОН ТӨРЛИЙН хоол хүнс хэрэглэж, дасгал хөдөлгөөн хийснээр хүний дархлааны эсүүд сэргэж байдаг. Тиймээс эдгээрийг л сайн хий.
Монголчуудын хувьд одоогоор маш хариуцлагатай байх үе тулгараад байна. Тиймээс хөл хорионы үед гадуур гарахгүй байж гэр бүл болон эрсдэлт бүлгийн хүмүүст халдвар тараахгүй байх тал дээр анхаарах хэрэгтэй. Энэ тав хоногийн хөл хориогоо бид сайн баримтлахгүй бол эргээд таван сар аюулт вирустэй дайтах шаардлага гарна. Тиймээс иргэд дор бүрнээ хичээж, тэвчээртэй байх нь чухал асуудал. Манай эрдэмтдийн баг Засгийн газар болон УОК–д шийдвэртэй арга хэмжээ авах шаардага хүргүүлсэн байгаа.
Шийдвэртэй арга хэмжээ гэж юуг хэлж байна вэ?
Энэ сарын 11-нээс тогтоосон өндөржүүлсэн хөл хорио бол шийдвэртэй арга хэмжээний нэг хэлбэр мөн. Энэ үед ард түмэн нэгнийгээ шүүмжилж хов ярьж явахын оронд атгасан гар шиг хамтарч ажиллах хэрэгтэй болоод байгаа юм. Асуудлаа ардаа хийчихсэн хойно хариуцлагын тухай ярих цаг олдоно. Халдвар гэдэг зүйл биднийг хүлээгээд сууж байдаг зүйл биш. Бид хэдий чинээ бужигнана халдвар төдий чинээ дэгдэнэ. Шинжлэх ухаанд коронавирусийг агаарын замаар тархдаг гэдгийг нь тогтоочихсон. Анхаарлаа сулруулж хариуцлага алдах л юм бол маш хурдан дэгдэнэ. Манай улсад энэ вирус дотооддоо тархахгүй маш удаан тэслээ. Одоо бидний хийж чадах зүйл гэвэл хөл хориогоо ягштал баримтлах болоод байна. Худалдан авалт хийх шаардлагатай бол аль болох захиалгаар хүргүүлэхийг хичээ. Бид нам зогсолт хийж байж энэ вирусийн халдварыг дарж чадна.
ВИТАМИН Д КОРОНАВИРУСЭЭС ХАМГААЛАХ УУ?
Коронавирусийн үед D витамины дутагдлаа нөхөх нь чухал гэдэг мэдээлэл үнэн үү?
Монголчуудын хувьд D витамины дутагдалтай байдаг. Үүний шалтгаан нь хүйтэн сэрүүний улирал давамгайлдаг учраас нарнаас хангалттай тухайн витаминаа нөхөж чаддаггүй. Эмэгтэйчүүдийн хувьд үүнээс үүдэн нас ахих тусмаа хөл майга болдог ч юм уу шинж тэмдгүүд илэрдэг. Витамин D-гийн дутагдалтай хүмүүс ковидоор өвчлөх магадлал нь ихэсдэг гэх судалгааг сүүлийн үед хийсэн. Тиймээс иргэд өвлийн улиралд эмчийн заавраар витамины дутагдлаа тунг нь тааруулж нөхөх хэрэгтэй.
Мөн коронавирус тархалтын энэ үед дасгал хөдөлгөөн хийж, тамхи татахгүй байх нь тун чухал. Тамхи татах чинь ерөөсөө л уушгин дотроо гал түлж байгаатай адил зүйл. Иймд коронавирус тархаж буй энэ үед өөрийгөө эрсдэлээс хамгаалж тамхины хэрэглээгээ багасгах тал дээр анхаарвал зохилтой байна.