Монгол улсын 2021 оны төсвийг УИХ өнөөдөр цахимаар хэлэлцэж эцэслэх батлах гэж байна. Өрөг.мн сайтын Өрөг хэлэлцүүлэг “МУ-ын 2021 оны төсвийн төслийн тэвчиж болох зардлууд” сэдэвт хэлэлцүүлэг өрнүүлсэн. Хэлэлцүүлгийн онцлох эшлэлүүдийг хүргэж байна.
Зочноор:
- УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл
- Эдийн засагч Ч.Отгочулуу
- Иргэн Б.Цогтгэрэл
- Сангийн яам, эрх барьж байгаа намын гишүүдээс урьсан боловч ирсэнгүй.
УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл:
“УИХ дээр төсөв батлах процесс маш хаалттай байна”
- Төсөв гэлтгүй аливаа мөнгөтэй холбоотой зүйлд өгөөж гэдэг ойлголт заавал хамт явдаг. Бизнес дээр бол өгөөжийг үр ашгаар ярьдаг.
Гэтэл манай улс төсөв батлахдаа өмнө нь ч, одоо ч төсвийн өгөөжийг огт тооцдоггүй. Төсвийн хэлэлцүүлэг дээр өгөөжийн тухай яриа огт өрнөхгүй байна. Өгөөж гэдэг бол бидний зарцуулж байгаа мөнгө эргээд мөнгөн болон мөнгөн бус байдлаар бидэнд үр ашгаа өгдөг байх ёстой.
- Төсөв батлах процесс УИХ дээр хэлбэр төдий хэлэлцүүлэг явсан болоод өнгөрч байна. Монгол улсын төсвийг юунд зарцуулах вэ гэдэг маш чухал шийдвэрийг гаргах гэж байж хаалттай баталж байна.
Уг нь бол иргэдээр, баг хороогоор, иргэний танхимаар хэлэлцүүлж байж батлах ёстой байдаг юм билээ. Энэ хэлэлцүүлэг өрнөсөн үгүйг мэдэхгүй байна. Сангийн яамнаас хаалттай төсөв орж ирээд, хэлэлцсэн болоод л баталдаг.
- Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн хэрэгжилтээр төсөв батлахад УИХ-ын оролцоо багасчихсан. Төсвийн дүнг өөрчлөх боломжгүй, төсөл хөтөлбөрийг шинээр нэмэх бараг боломжгүй. Хэрэв нэг зардал нэмэхээр болбол нөгөө талд нь бодитой үндэслэл гаргаж байж хасах болдог зэрэг байдлууд нь ялангуяа сөрөг хүчний хувьд бүр л хаалттай болж байна.
- Төсөв батлах үед УИХ-ын гишүүдийг зөвхөн төсөвт анхаарал хандуулах боломж олгодоггүй. Зэрэг зэрэг маш олон хуулиудыг хэлэлцүүлдэг. Үүнийг төсвийн хэлэлцүүлгийг сатааруулж байна уу гэмээр.
- Гишүүд тойрогтоо л мөнгө батлуулах гэж эдийн засгаа том зургаар нь харж чадахгүй байна гэдэг манай сонгуулийн тогтолцоо буруу явж ирснийх.
- Эрх баригч улс төрчид манай эдийн засаг том зургаараа зөв яваад, өсөөд байгаа юм шиг ойлголтыг иргэдэг үргэлж өгдөг. Гэтэл төрийн ордонд орж ирээд төсвийн хувиаарилсан тоог харахад л үнэхээр хэцүү болчихсон нь харагдаж байна. Манай эдийн засгийн доллараар олж байгаа орлогын 95 хувь нь зөвхөн уул уурхайгаас хамааралтай. Тэнд нь хүн амыг 3-4 хувь нь л ажилладаг. Тэндээс орж ирсэн мөнгөөрөө Төрийн өмчийн компани, төрийн байгууллагаа тэжээгээд, хүн амын гуравны хоёр хэсгийг халамжаар тэжээгээд сууж байдаг. Магадгүй түүхий эдийн үнэ унахад, Хятад улс төрийн шалтгаанаар хилээ хаахад манай эдийн засаг дампуурлын ирмэг дээр ангал руу унахад бэлэн байна. Уул уурхайн бус экспортын салбараа нэн яаралтай тодорхойлж хөгжүүлэх хэрэгтэй байна.
- Бүтээмж гэдэг эдийн засгийн чухал ойлголт байдаг. Манайд уул уурхайн салбарт ажиллаж байгаа нэг хүн жилдээ 60-80 сая долларын бүтээмж үйлдвэрлэдэг, дараа нь харилцаа холбоо банканд ажиллаж байгаа хүн жилд 50- 60 сая долларын бүтээмж үйлдвэрлэдэг. Бусад салбар нь дунджаар 15 сая долларын л бүтээмж үйлдвэрлэдэг. Улсынхаа бүтээмжийг нэмэгдүүлмээр байна.
Иргэн Б.Цогтгэрэл:
“2021 оны төсөвт дэндүү үрэлгэн хандаж байна”
- Энэ миний оролцож байгаа найм дахь төсөв. Би өмнө нь УИХ-ын бүлэгт болон Засгийн газар дээр төсөв “боолцож” явсан. Одоо гаднаас нь иргэний хяналт тавиад явж байна. Шинэ үндсэн хуулиар төсөвт өртгийг нэмэгдүүлж болохгүй гэсэн болохоос биш хасч болохгүй гээгүй. Хасах үйлдэл нь нээлттэй, нэмэх үйлдэл нь хаалттай. Хооронд нь гүйлгэж болно. Хэрэггүй зардлыг хэрэгтэй төсөл рүү шилжүүлэх байдлаар. Үүн дээр УИХ гишүүд, сөрөг хүчин сайн ажиллах ёстой.
- Төсөв хэлэлцэнэ, төсөв батална гэдэг өөрөө шинжлэх ухаан. Зарим орны парламент дээр урлаг соёлын хэмжээнд хүрчихсэн. Жишээ нь Английн парламент дээр төсөв хэлэлцэхдээ нэг гишүүнээ барьцаанд үлдээж байгаад баталдаг байх жишээний. Миний харж байгаагаар 2021 оны төсөв байнд ч үгүй, банзанд ч үгүй, балай төсөв болсон гэдгийг дахин дахин хэлмээр байна.
- Төсвийн гадуур, төрийн өмчит компанийн мөнгө гэж ахиад нэг “хулгай” байгаа. Энэ бол төсөв дээр яригддаггүй мөнгө. Төсөв батлах тогтоолдоо Төрийн өмчит компаниудын зардлыг оруулж өгөх хэрэгтэй байна. Хяналт сул байдгаас хулгай гарч байгаа гэсэн үг. Жишээ нь Эрдэнэт үйлдврийн жишээнээс харсан байх.
- Би МАН-ын гишүүн гэлтгүй 2021 оны төсвөөс юу юуг танах шаардлагатай вэ гэдгийг би маш сайн хэлж байгаа. Жишээ нь:
- 2021 онд шинээр барьж байгаа спорт заалнуудын 5.3 тэрбумын төсвийг энэ жил бүр хасах хэрэгтэй. Ковидын үед нэн шаардлагатай биш.
- Хуульзүйн яамны хорихоос өөр төрлийн ял эдлүүлэхэд ашиглах цахилгаан гавны 6.5 тэрбум төгрөгийн төсвийг хас
- Хөшөөтийн хувийн уурхайд шахмал түлшний төсөл хэрэгжүүлэх 2 тэрбум төгрөгөө хас.
- Орхон аймгийн 10 тэрбум төгрөгийн төсөвт өртөгтэй 2021 онд 2 тэрбумаар санхүүжүүлэх Дижитал Эрдэнэт төслийн төсвийг хас зэрэг маш олон нэн шаардлагатай бус төсвүүдээ хасч эмнэлэг, яаралтай түргэн тусламжийн салбартаа хөрөнгө оруулаач ээ гэж хэлмээр байна.
- Ковидоос болж хэцүү нөхцөл байдалд байгаа бизнесүүд яаж дэмжихээ төсөвтөө оруул
- МУ 2021 онд 224 тэрбум төгрөгийн концесийн төлбөр хувийн компаниудад төлнө. Бүх гэрээ нь БАРИХ-ШИЛЖҮҮЛЭХ нөхцөлтэй гэрээ. Энэ нөхцлийг БАРИХ- АШИГЛАХ- ШИЛЖҮҮЛЭХ нөхцөлтэй гэрээ болгох шаардлагатай. Тэгвэл улсын төсвөөс 224 тэрбум төгрөгийг “бул хар чулуу” алга болно.
Эдийн засагч Ч.Отгочулуу:
“Ковидын үед бизнесүүдэд ажлын байр хадгалж үлдэх дэмжлэг огт алга”
- Монгол улсын эдийн засаг 10 тэрбум долларын эдийн засаг. Төсвийн зардал нь 3-4 тэрбум доллар, эдийн засгийн 40 хувь нь улсын төсвөөс хамааралтай байна гэсэн үг. 100 төгрөгийн орлоготой өрх байлаа гэж бодоход 40 төгрөг нь татвар төлөгчдийн мөнгөөр орж ирж байна гэсэн үг. Төсвийн бодлого гэдэг бол манай улсын макро эдийн засгийн хамгийн чухал бодлого.
- Манай сангийн сайд сүүлийн үед төсвөө алдагдалтай байх нь зөв, бид төсвөө тодотгосон, Кенс гэж эдийн засагчийн хэлснээр: “Хямралын үед төсвөө алдагдалтай батлаад тэр мөнгөөрөө эдийн засгаа тэтгэх ёстой” гэж. Би энэ дүрмийг баримталж байна гэж өөрийгөө зөвтгөдөг.
- Улс өр тавиад төсвийг их алдагдлаар эдийн засагт оролцохыг зөвтгөдөг. Нөгөө дэх нь буруушаадаг. Төсөв эдийн засагт оролцох хэрэггүй. Хувийн хэвшлийнхэн өөрсдөө хямралаас гарах ёстой гэж үздэг. Үүний хамгийн том жишээ бол АНУ-ын жишээ байна. АНУ-ын эдийн засаг 2020 оны 3-р улирлаар 33%-ийн өсөлттэй гарсан. Түүхэнд байхгүй хамгийн өндөр өсөлттэй гарсан. Шалтгаан нь төсвийнхөө зардлыг багасгаад, төрийн хүнд суртлуудаа бүгдийг нь байхгүй болгоод, бизнесийнхэндээ бүх боломжийг нь өгөөд, татварыг нь бууруулж компаниудыг орлогожуулаад, бизнесийн хямд зээл гаргаад эдийн засгаа босгож ирсэн. Манайх бол үүний эсрэг явж байна.
- Ирэх оны төсөв 3 их наядын алдагдалтай, 3 их наядын гадаадын өр зээлээр санхүүжих юм шиг байна, 1.7 их наядаар барилга байгууламжууд барим юм шиг байна. Төсөв алдагдалтай батлахаар асар их хэмжээний мөнгийг нийлүүлэх болдог. Тэгэхээр төгрөгийг ханш унана. Төгрөгийн ханш унахаар иргэдийн амьжиргааны төвшин доройтно. Үүнээс сэргийлэхийн тулд Монгол банк зах зээлээс илүүдэл мөнгийг сороод авчихдаг. Эцэст нь зээл олдохгүй хувийн хэвшлийнхэн хохирдог.
- Ковидын үед ээж аав нь ажилгүй болж байхад хүүхдэд нь 100 мянган төгрөг өгөөд өрхийн амжиргааг дэмжиж чадахгүй. Ажлын байр хадгалах дэмжлэг үзүүл.