Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн өчигдрийн хуралдаанаар “Нийслэлийг 2021-2025 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл” дунд хугацааны төлөвлөлтийн баримт бичгийн төслийг хэлэлцэв.
Төсөл боловсруулахад нутгийн захиргааны 71 байгууллагаас 671 санал ирүүлснийг зорилт давхардалгүй, уялдаатай, хүртээмжтэй, шалгуур үзүүлэлт нь зорилготой нийцсэн, нийгмийн бүх давхаргад чиглэх зарчим баримтлан “Алсын хараа-2050”, “Монгол Улсыг 2021-2025” онд хөгжүүлэх үндсэн чиглэл” урт, дунд хугацааны төлөвлөлтийн баримт бичгийн дагуу боловсруулжээ.
Дунд хугацааны төлөвлөлтийн баримт бичгийн төсөл нь үндэсний нэгдмэл үнэт зүйл, хүний хөгжил, амьдралын чанар ба дундаж давхарга, эдийн засаг, засаглал, ногоон хөгжил, амар тайван, аюулгүй нийгэм, бүс, орон нутгийн хөгжил, Улаанбаатар ба дагуул хот гэсэн 9 бүлэгтэй. Төсөлд Засаг даргын зөвлөлийн хурал болон Үндэсний хөгжлийн бодлого, төлөвлөлтийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын саналыг тусган, НИТХ-аар хэлэлцүүлэх юм.
Төслийг ажлын хэсгийн гишүүд, нутгийн захиргааны албан хаагчдаас гадна Хүний хөгжил судалгаа, сургалтын төв ТББ-ын судлаач, эдийн засгийн судлаач Ж.Хишигсайхан, Удирдлагын академийн Бодлого, улс төр судлалын тэнхимийн багш, доктор Ж.Жаргал нар зөвлөхөөр хамтран ажиллажээ.