Улсын онцгой комиссын даргын ажлын баг өнөөдөр 20.00 цагт шуурхай хуралдаж, 7 асуудал хэлэлцсэн байна.
Тодруулбал, Засгийн газар, УОК-оос энэ сарын 17 хүртэл бүх нийтийн бэлэн байдалд шилжих шийдвэрийг өчигдөр гаргасан. Энэ хугацаанд хүсний дэлгүүр, супермаркет, хүнсний зах, шатахуун түгээх станц, эмийн сан, эмнэлэг, усны худаг, эрчим хүч, дулааны цахилгаан станц, хэвлэл мэдээлэл, харилцаа холбооны байгууллага хэвийн горимд ажиллана.
Мөн буяны ажил болон хот хоорондын хүнс тээвэр хэвийн явах боломжтой юм. Харин дээрхээс бусад салбарын хүн хүнсээ цуглуулах, эмнэлэгт үзүүлэхээс бусдаар сул, чөлөөтэй явахыг хориглох, үүнд хатуу хяналт, шаардлага тавих асуудлыг хэлэлцсэн гэдгийг Засгийн газрын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтсийн дарга Ц.Ганзориг хурлын шийдвэрийг танилцуулахдаа мэдээлэв.
Түүнчлэн хүнсний хангамжийн шуурхай штаб байгуулах, бүх нийтийн талбай, орон сууцыг ариутгах, 11 цэгт коронавирусийн шинжилгээ авах, тандалт хийх ажлыг эхлүүлсэн бөгөөд Цэргийн эмнэлэгт 550 ор нэмж гаргаж, тусгаарлах байрны хяналтыг чангатгах үүргийг холбогдох албаныханд өгчээ.