Монголын мисс Б.Баттогтох Дэлхийн топ гурван тэмцээний нэг болох “Miss Earth-2020”-д эх орноо төлөөлөн оролцож байгаа юм. Бага насаа хөдөөгийн хэнэггүй бор охины хэв маягаар өнгөрүүлсэн гэх түүнтэй өрнүүлсэн яриаг та бүхэнд хүргэе.
Манай уншигчдад та өөрийгөө танилцуулахгүй юу?
Намайг Баттогтох гэдэг. 17 настайгаасаа хойш Бритта гэх нэрээр дуудуулж байгаа учраас энэ нэрэндээ илүү их дассан байна. Би Увс аймгийн Зүүнговь суманд төрж өссөн. Улаанбаатар хотод 14 настайдаа гэр бүлийн хамт шилжиж ирээд 1 дүгээр сургуулийг төгссөн.Улмаар Хятадын Шанхай хотод Олон Улсын Худалдаа Харилцааны чиглэлээр суралцахаар ирж байлаа. Тухайн үед 17 настай бие даан амьдрах шаардлагатай болж байсан юм. Шанхайд амьдрах 7 жилийн хугацаандаа Хятад хэл сурахын хажуугаар Англи хэлэндээ анхаарч чөлөөтэй ярьдаг болсон.
Миний хувьд үргэлж шинийг эрэлхийлж илүүг сурч мэдэх хүсэл эрмэлзлийнхээ ачаар ажил үйлс маань амжилттай явж байна гэж боддог. Багаасаа бие дааж амьдраад сурчихсан болоод ч тэр үү олон орны хүмүүстэй амархан найз нөхөд болчихдог их нээлттэй хүн дээ.
Загварын ертөнцөд хөл тавьж байсан үеийнхээ талаар хуучлаач?
Шанхайд очсон эхний жилдээ л би бараг 10 гаруй см өндөр болсон. Тухайн үед сургуулийн ачааллаас болоод ч тэр үү бас их жин хассан. Энэ байдал маань загварын агентуудын анхааралд өртсөнөөр загварын ертөнцөд хөл тавих эхлэл болж байсан. Ингээд сурахынхаа хажуугаар загвар өмсөж өөрийнхөө хэрэгцээг хангаж жинхэнэ бие даасан амьдралдаа орсон. Уг нь би Шанхай руу сурахаар явахдаа тэндээ очоод цагийн ажил олж хийнэ гэсэн төлөвлөгөөтэй байсан юм. Гэтэл ажлынхаа гарааг загварын салбараар эхлүүлж түүгээрээ багагүй амжилт гаргасандаа баярлаж явдаг. Одоо бодоход тухайн үед их жаахан байжээ. Эх орон, ээж аавынхаа нэрийг гаргах салбарт хүч үзэж байгаагаа ч бүрэн ойлгоогүй байсан даа. Гэсэн ч хэлний мэдлэгтээ анхаарах, сургуулиа төгсөх, ажлын туршлагатай болох, хүмүүстэй чөлөөтэй харьцаж сурах ёстой гэх зорилгоо урдаа тавиад л хичээж байлаа.
Хэзээнээс миссийн тэмцээнд оролцож эхэлсэн бэ? Гаргасан амжилтаасаа хуваалцаач?
Одоо бодоод байхад анх оролцож байсан тэмцээн маань их сонирхолтой, хөгтэй санагдаад байдаг. 2012 онд Итали улсаас зохиодог “Мисс Моторс” тэмцээний мэдээллийг Б. Гантогоо эгчийн хуудаснаас харчихаад, “ер нь ийшээ майл бичээд үзье” гэж шийдсэн.Тэр үед Европ руу явж үзээгүй байсан шүү дээ.Хэд хоногийн дараа тэмцээн зохион байгуулагчаас ирсэн хариунд,“Монголын мисс ирэхээр бүртгүүлсэн байгаа. Гэхдээ та Япон эсвэл Солонгос улсыг төлөөлж оролцох боломжтой” гэх хариуг илгээсэн байлаа. Би ч гайхаж байснаа сонирхолдоо хөтлөгдөөд зөвшөөрчихсөн л дөө. Одоо бодоход миний амьдралдаа гаргасан хамгийн галзуу шийдвэр гэвэл энэ л байна.
“Мисс Моторс” тэмцээндээ гуравдугаар байранд орсноос гадна шилдэг үндэсний хувцастай моделоор шалгарч байсан. Гараа сайн бол бариа сайн гэдэг дээ. Ингэж л миний загварын амьдрал эхэлсэн юм.
Хүүхэд байхдаа мисс болно ч гэдэг юм уу, тийм хүсэл байсан уу? Ер нь ямар мэргэжилтэй болохыг хүсдэг байв?
Миний хувьд хүүхэд байхдаа мисс модел болно гэх бодол хэзээ ч төрж байгаагүй. Би чинь улаан хацартай, гэрийн ажилд сайн гэж ойр тойрны хүмүүсээрээ магтуулдаг, сурлага сайтай хөдөөний хээгүй бор охин байлаа шүү дээ. Тэр үедээ инженер болж өндөр том байшингууд барихыг л мөрөөддөг байсан байх.
Өөрийн баримталдаг зарчим, зан чанарынхаа талаар яриач?
Аливаа зүйлд анхаарлаа хандуулж цаг гаргаж ажиллаж байгаа бол хамгийн сайн нь байх хэрэгтэй гэж боддог. Энэ нь надад ч сайхан мэдрэмжийг төрүүлж сэтгэл ханамжийг бий болгодог. Шаргуу хөдөлмөрч байдал минь миний нэрийн хуудас болдог гэхэд болно доо. Хүнд ер нь шар хор гэдэг зүйл байж л өсч дэвжих юм шиг санагдаад байдаг. Энэ зангийнхаа ачаар үргэлж шинэ зүйлийг сурч мэдэхийг хичээж, өөрийгөө хөгжүүлэх тал дээр чухал анхаардаг.
Дэлхийн хэмжээний мисс байх нь хүнээс ур чадвар, маш их тэвчээр шаарддаг байх?
Мэдээж хэрэг бүхэл бүтэн улсаа төлөөлнө гэдэг нь маш том хариуцлага.Хариуцлагынхаа хүрээнд эх орныхоо нэрийг өндөрт өргөж явахын тулд аливаа тэмцээн уралдаанд бүх нөөц бололцоо, чадвараа шавхаж оролцдог. Ядарч байсан ч ядраагүй юм шиг хөдөлмөрлөх хэрэгтэй. Мэдэхгүй зүйл гараад ирвэл, “би мэдэхгүй ээ” гээд хойш суухын оронд мэддэг болохын төлөө аль болох хичээх хэрэгтэй. Хурд бас маш чухал.
"Эх дэлхийн мисс" тэмцээнийг онлайнаар явуулж байгаа гэж сонссон. Ямар шалгуур үзүүлэлтээр тэмцээний дүнг гаргах вэ?
Дэлхийн хэмжээний гурван том миссийн тэмцээний нэг бол “Эх дэлхийн мисс”. Тийм учраас энэ тэмцээн Монгол Улсаа сурталчлах маш том боломж. Миний хувьд өөрийн туршлага, мэдлэгтээ тулгуурлан энэ эрхэм үүргийг нэр хүндтэй биелүүлэх болно. Монголчуудаа намайг дэмжээрэй гэж уриалъя. Хүмүүс саналаа өгөхдөө хамгийн гол нь “Miss Earth-2020” фэйсбүүк хуудсыг дагасан байх, шалгаруулалт болон зураг авалт болгоны дор лайк, шэйр, коммент бичих нь энэ жилийн тэмцээний чухал шалгуур болж байгаа. Одоогоор ярилцлагын хэсэг л үлдсэн байгаа.
Ажил хэрэг нь амжилттай байхын гол шалтгаан ар гэрийн дэмжлэг байдаг шүү дээ. Таныг гэр бүлээс нь хэр их дэмждэг вэ?
17 настайгаасаа бие даагаад гадаадад амьдраад ирсэн болохоор манай гэрийнхэн надад нэг их санаа зовоод байдаггүй. “Өө за аль улсад явна аа” л гэдэг болсон доо. Гэр бүлийнхнийгээ хааяа их санадаг юм.Ээж минь их дайчин шаргуу хүн. Харин миний аав дөлгөөхөн тайван хүн дээ. Тэднийхээ талаар дурсаад бодоход сэтгэлд их өег мэдрэмж төрдөг учраас бодох их дуртай.
Итали улсад амьдардаг гэж сонссон. Хэнтэйгээ амьдардаг вэ? Одоогоор юу хийж байна?
Үрчилж авсан нохойтойгоо л цуг амьдардаг. Италид мэргэжлийн тогоочийн сургуульд сурч төгссөн.Одоогийн байдлаар коронавирусийн улмаас хөл хорио тогтоосон байгаа. Иймд бүх анхаарлаа зөвхөн “эх дэлхийн мисс” тэмцээнд хандуулж байна.