Коронавируст цар тахлын халдвараас урьдчилан сэргийлэх зорилгоор нийслэлд үйл ажиллагаа явуулдаг арилжааны банкны салбар, нэгжүүд энэ сарын 11-17-нд ажиллахгүй.
Үүнтэй холбогдуулан бэлэн мөнгөний орлого, зарлага, шилжүүлгийн гүйлгээ банкны салбараар түр хугацаанд хийхгүйг уламжилж байна. Харин орон нутаг дахь арилжааны банкны салбар, нэгж нь харьяа нутгийн захиргааны байгууллагаас өгсөн чиглэлийн дагуу үйл ажиллагаагаа зохион байгуулж байгаа.
Монгол Улсын төлбөрийн системийн үйл ажиллагаа, банкуудын бүх төрлийн цахим үйлчилгээ тасралтгүй, хэвийн үргэлжилж байгаа тул мөнгө шилжүүлэх, төлбөр тооцоо хийхдээ төлбөрийн карт, интернэт, мобайл банкны үйлчилгээг ашиглах боломжтой.
Энэ нь төлбөр тооцоог шуурхай гүйцэтгэхэд хүндрэл үүсгэхгүй. Арилжааны банканд харилцах, хадгаламжийн данс нээх, зарим төрлийн зээл авах зэрэг үйлчилгээг цахимаар авах боломж нээлттэй байгаа.
Монголбанк бэлэн мөнгөөр төлбөр тооцоо хийхээс аль болох зайлсхийж, гарцаагүй тохиолдолд АТМ ашиглах, банкны салбар, нэгжээр үйлчлүүлэх бол хорио цээрийн дэглэмийг чанд баримтлан, эрүүл ахуйн шаардлага хангаж, хоорондын зай барин дараалал үүсгэхгүй байхыг зөвлөлөө.
Банкны цахим үйлчилгээний талаарх мэдээллийг банк тус бүрийн харилцах үйлчилгээний лавлах утаснаас авах боломжтой. Банкны үйлчилгээтэй холбоотой санал, хүсэлтийг Монголбанкны 310081 дугаарын утсанд хүлээн авна.